Урлагийн бүтээлийг дор хаяж гурав үзэх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Урлагийн бүтээлийг дор хаяж гурав үзэх хэрэгтэй

Монголын уран зургийн галерейд “Азийн орчин үеийн урлагийн 25 дахь үзэсгэлэн” дэлгэгдсэн билээ. Тус үзэсгэлэнд эх орноо төлөөлөн уран бүтээлээрээ оролцсон төрийн шагналт зураач До.Болдтой уулзан ярилцлаа.

-Та энэ үзэсгэлэнд ямар бүтээлээрээ оролцсон бэ?

-“Боорчи мину” гэж зургаа тавилаа. Энэ миний эзэн богд Чингис хааныхаа амьдралд нь зориулсан есөн цуврал зургийн нэг нь байгаа юм. Заавал түүхт явдал гэхгүйгээр би сэтгэлээсээ хийе гэж бодсон. Хараахан есөн зураг маань бэлэн болоогүй ч үзэж байгаад энэ зургаараа оролцлоо.

-Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэнгийн ач холбогдол нь юу вэ?

-Би Япончуудтай нилээд харьцаатай байсан. Азийн өнөөгийн урлаг гэж үзэсгэлэнд Лас Вегаст гурван удаа оролцож байсан. Энэ Азийн орчин үеийн урлагийн үзэсгэлэн нь манай оронд анх удаа зохиогдож байгаад маш их баяртай байна. Азийн орнуудын нэгтгэсэн томоохон урлагийн сололцооны чухал хэрэглүүр болж байгаа юм. Бид нар зүүн Европ, төв Европ, АНУ-тай илүү харилцаатай байсан. Тэр утгаараа Азийн орнууддаа Монголыг танилцуулъя гэсэн энэ оролдлого бол их чухал юмаа.

-Танд Азийн бусад орны уран бүтээлчдийг бүтээлийг хараад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Би өмнө нь Макао, Малайз, Японд өөрийнхөө бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байсан. Мөн эхнэртэйгээ хамтарсан үзэсгэлэнгүүд хийж байсан. Энэ үзэсгэлэнгээс бид нар өөрсдийгөө хаана явж байна, бид хэн бэ, бид нарын урлагийн өнцөг юу вэ гэдгийг тодорхойлоход их чухал юм байна. Би бусад орны зураачдын бүтээлийг харлаа. Сайхан бүтээлүүд их байна. Мөн тэдний нүдээр манай зураачдын бүтээл сонин бууж байгаа байх аа.

-Гадны бүтээлээс таны харааг булаасан бүтээлийг нэрлэхгүй юу?

-Аль, аль орны бүтээлд гоё зүйлс байгаа ч өнөөдөртөө тодорхойлоод товойлгоод хэлэх бүтээл алга. Яагаад гэвэл нэг ухаантай хүн хэлэхдээ “Чухал гоё урлагийн бүтээлийг дор хаяж гурав үзэх хэрэгтэй” гэсэн байдаг. Тийм болохоор үзэгчид арваннэгдүгээр сарын 21-н хүртэл гурав дахин үзээрэй. Тэгээд хэн нь юу хийв ээ гэдгийг хараарай гэж зөвлөмөөр  байна. Их гоё сайхан үзэсгэлэн байна. Таалагдлаа.

-Таны ойрын уран бүтээлийн төлөвлөгөө…?

-Саяхан гадаадад хэд хэдэн үзэсгэлэнд оролцоод ирлээ. Одоогоор есөн цуврал бүтээл дээрээ ажиллаж байна. Тэгж байгаад үзэсгэлэнгээ гаргана даа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж