
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо, Баянголын 65 дугаар гудамжинд Хилийн цэргийн 119 дүгээр ангийн ажилчдын байрны бохирын хоолой тавьж байсан хоёр ажилчин шороонд дарагдан амиа алджээ. Уг хэрэг өчигдөр 18:14 цагийн үед болсон бөгөөд шороонд дарагдсан иргэдийн талаар нийслэлийн Шуурхай бүлэг 105 –д ирсний дагуу газар дээр нь очиход долоон метр орчим гүн нүхэнд хоёр хүн дарагдсан байдалтай байжээ. Бохирын хоолой янзалж байсан дээрх хоёр хүн нь хувиараа ажилладаг байсан бөгөөд агааргүй орчинд шороонд бүрэн даруулсанаас тэр дороо амьсгал хураасан гэж албаныхан дүгнэж байгаа аж.
Дээрх иргэдийг гаргахаар 168 м3 шороог ухан 22:40 цагийн үед эхний хүн болох 22 настай, эрэгтэй Э –гийн цогцсыг, 01:10 цагийн үед хоёр дахь хүн болох 34 настай, эрэгтэй Э-гийн цогцсыг тус тус гарган дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрт шилжүүлэн өгсөн байна. Энэ үеэр дээд түрүүч П.Батбаярын толгой тус газар том чулуу унаж, ГССҮТ-д хүргэгджээ. Уг ажиллагаанд нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай бүлэг 105, тус дүүргийн Засаг дарга болон дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Цагдаагийн хэлтэс зэрэг холбогдох байгууллагаас нийт 43 хүн оролцсон байна.
П.Наран