Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр ба МАХН

Улс төрийн ой санамж дахин сэргэв. МАХН-ынхан хуучин нэрээ санагалзахын цагт экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Монголын ардчилсан хөгжлийн нам байгуулж, гуравдагч хүчний орон зайг эзлэхээр шийджээ. Н.Энхбаяр+ҮШН+Ард түмний холбоо=Монголын ардчилсан хөгжлийн нам. УИХ-ын 2012 оны сонгуулиас өмнөхөн ийм бүтэцтэй нам байгуулагдаж, МАХН-ын солигдсон нэр, Ардчилсан намынхны “алдсан” үзэл баримтлал дээр тоглолт хийх магадлалтай боллоо. МАХН-ынхан нэрээ Монгол ардын нам болгосны дараа энэхүү товчлол ердөө л хоосон орон зай болно. Харин Ардчилсан намынхан үзэл баримтлал битгий хэл өөрийн гэсэн “толгой”-гүй болчихоод байгаа энэ цагт Н.Энхбаярын дэвшүүлсэн хувилбар хамгийн оновчтой байх нь тодорхой. Буддын шашинтан гэдгээ үе, үе сурталдаж, журмын нөхдөө намын Бага хурал хуралдахын өмнөхөн ил тод гоочилж дөнгөсөн экс Ерөнхийлөгч МАХН буюу Монгол ардын намын 90 жилийн ойн үеэр томоохон сюрприз барихаар зэхэж байна. “Тийм” гэдгээ ч өчигдөр эчнээ мэдэгдчихлээ. 2011 оны гуравдугаар сарын 1. Энэ өдөр МАХН-ынхан 90 жилийн ойгоо МАХН биш, Монгол ардын нам гэсэн нэрэн дор тэмдэглэнэ. Харин талбайн нөгөө талд туг, хиур барьсан нөхөд тэдэнд хуучин нэрийг нь санагалзуулж, өөрсдөө МАХН хэмээх товчлол дээр тоглохоо сэм зарлалаа.

МАХН-ынхны “банкаат”-ны үеэр Ард түмний их хуралдай хийх болсны гол зорилго нь ийм аж. Н.Энхбаярын экс нам 150 гаруй мянган гишүүнтэй. Тус намын үе, үеийн төлөөлөл дунд түүнийг дэмжигчид бий. Ялангуяа Н.Энхбаярын улаан фэн болсон ахмад гишүүн олон. Тиймээс экс Ерөнхийлөгчийн фракцийнхан тэдний сэтгэл зүйд дөрөөлсөн тоглолт хийх нь гарцаагүй. Тэгээд ч МАХН-д “Энхбаярынхан” гэх улс төр, эдийн засгийн бүлэглэл өдгөөг хүртэл оршин тогтнож, намынхантайгаа нэг хэсэг дайсагналцсан ч сүүлийн үед нам жим болжээ. “Элсний 13”, бас жигүүрийнхэн Бага хурлын XII хуралдаанд дипломат байр сууринаас оролцсон нь намаасаа салан тусгаарласны илэрхийлэл юм. МАХН-ынхан XXVI их хуралдаа бэлтгэх зуур тэд хөдөөгүүр давхиж, намын гишүүдтэйгээ ойрын зайны улс төр хийж эхэллээ.

МАХН-ынхан Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ. Тэд энэхүү гомдолдоо “Нэр бүхий иргэд Монгол ардын нам байгуулахаар 1991 оны есдүгээр сарын 20-нд Улсын дээд шүүхэд өргөдөл гаргаж, 1992 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээгээ авчээ. Тухайн үед манай нам үүний эсрэг гомдол гаргасан ч Улсын дээд шүүхийн иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллеги 1992 оны хоёрдугаар сарын 25-нд “Гомдлыг хүлээн авах боломжгүй” хэмээн үзэж, тус намыг улсын бүртгэлд бүртгэсэн. Харин Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль 2003 онд батлагдахад Монгол ардын намынхан намаа шинэчлэн бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд гаргаагүй. Иймээс Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим тус намыг 2006 оны зургадугаар сарын 30-нд татан буулгасан” хэмээн дурьдсан байх юм. Улсын дээд шүүх саяхан МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатарт хаягласан бичигтээ Монгол ардын нам тэргүүтэй есөн намыг тухайн үед хууль биелүүлээгүй учир татан буулгаснаа мэдэгджээ.

Нэгэн үе Ардчилсан намынхантай фракцилж явсан нөхөд 2007 онд Монголын ардчилсан холбоо хөгжлийн нам байгуулах гэж байсан. Гэвч Улсын дээд шүүх тус намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан юм. Ардчилсан холбоо ба хөгжил хэмээх үгэн дээр улс төрийн тоглолт хийхийг хүсэмжлэгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд Н.Энхбаярыг ил цагаан дэмжсэн билээ. Тэгэхээр Н.Энхбаярын гарт МАХН, бас Ардчилсан холбоо хэмээх ард түмэнд хэдийнэ танил болсон “материал” орж ирлээ гэсэн үг. Энэ бол түүний хувьд том олз юм. Ерэн жилийн түүхтэй экс намынхан нь АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтон, Английн Ерөнхий сайд асан Тони Блэйр нараас жишээ авч, улс төрийн гуравдагч замыг сонгож байгаа бол Н.Энхбаяр зүүн, барууны үзлээс захлан авч, гуравдагч хүчний орон зайг зүглэлээ.

С.БАТТУЛГА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж