Тухайлбал, 2009 онд 5 628 малчдаас Хэнтий аймгийн 15 сумын 269 малчин, Баянхонгор аймгийн есөн сумын 823 малчин, Увс аймгийн 18 сумын 1 025 малчин, Сүхбаатар аймгийн гурван сумын 44 малчин, нийт 57 сумын 4 706 малчинд нэг тэрбум 900 сая орчим төгрөгийн нөхөн төлбөрийг олгоод байна.
2010 оны даатгалын борлуулалтаар Баянхонгор, Увс, Хэнтий, Сүхбаатар, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Сэлэнгэ аймгуудын нийт 6 947 малчин малаа даатгуулж 413 сая төгрөгийг нөхөн төлбөрийн дундын дансанд төвлөрүүлсэн байна. Энэ нь 2009 оны Үндсэн даатгалын бүтээгдэхүүний борлуулалттай харьцуулахад борлуулалтын орлого 232 сая буюу 56 хувиар, даатгуулагчдын тоо 2 657 буюу 38 хувиар өссөн үзүүлэлт юм.
2010 оны байдлаар төсөл хэрэгжиж байгаа есөн аймгийн нийт малчдын /66 438 өрх/ 10,5 хувь /6 947/ нь, нийт мал сүргийн /18,6 сая толгой мал/ 6,2 хувь /1 156 168 толгой мал/ нь даатгалд хамрагдаад байна.
Засгийн газраас жилд 5-6 аймаг нэмж хамруулах замаар 2012 он гэхэд уг төслийг үндэсний хэмжээнд нэвтрүүлэхийг зорьж байгаа юм. Үүний дагуу 2011 оноос Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл аймгуудыг нэмж төсөлд хамруулахаар шийдвэрлээд байна. Малын индексжүүлсэн даатгал нь нэгж малчны малын хорогдлоор бус сумын хэмжээнд хорогдсон малын тоог үндэслэн даатгалын хохирол, нөхөн төлбөрийн хувь хэмжээг индексжүүлэн тооцоолдог онцлогтой юм байна.
Д.Цээнэ