
Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд намынхаа дэмжлэггүй шахам оролцоод бие даагчийн хэмжээнд өрсөлдөн ялагдсанд бухимдахдаа ийн тэрлэж байсан юм.
Түүхэнд бичиж үлдээх мөрөө бодсон ч тэр, тус намынхан их ойн жилдээ эв эеийг хичээж болох байсан. Гэтэл АН-ын ҮЗХ-ны хурлын өмнө энд тэндгүй өс хонзонгийн гал үсчиж, намын ахмад хоёр муу үгээр байлдав. Ардчиллыг дэмжигчид зүгээр л ажиглаж байлаа. Сайхан санагдаагүй, гоё харагдаагүй. Ашгүй нэг нь албан томилолтоор хилийн дээс алхаагүй бол цааш юу болох байсныг таашгүй.
Дараа нь хүүхнүүдийг байгууллага даргаа сонгох гэж баахан хуралдав. Наадамд хурдаа сойсон уяачид аятай эрчүүд нь тойрч дэвсэн нь илүү санагдсан. Хүүхнүүдийн хурал хаа очиж хамаагүй эвдрэлцвэл эвгүй харагдахыг нь мэдрээд эвлэрсэн дүр үзүүлээд салсан нь олзуурхууштай. Нийслэлийн Ардчилсан нам хуралдаж даргадаа итгэл үзүүлэх үү, байх уу хэмээн хэлэлцээд “Итгэл үзүүлэхгүй” байхаар шийджээ. Хорин жил ханилаад итгэх эсэхээ ярилцдаг гэр бүлийн хоёр гэж байдаг уу. Өнөөдөр ийм асуудал ярьдаг намыг Монголын улс төрийн том хүчин гэх үү. Ингээд Нийслэлийн Ардчилсан намын даргыг өөрчлөв. Экс дарга С.Эрдэнэ таамаглаж байсанчлан хэвлэлийн хурал зарлан өөрийгөө өмөөрсөн тайлбар хийлээ. Таамаглаж байсанчлан гэсний учир нь “Хаан нас барлаа. Шинэ хаан мандтугай” гэсэн үгсийг тэр хэзээ ч хүлээн авч чаддаггүй нэгэн билээ. Энэхүү үйл явц дэндүү уйтгартай биш гэж үү. Үг, үйлдэл бүхэн уншсан ном, үзсэн кино шиг. Амт шимтгүй Ардчилсан намд арга буюу албан тушаал горилсондоо л гишүүд нь гинжлүүлж байна. Бодлогоор уралдана, үзэл санаагаар өрсөлдөнө гэх тэдний уриа лоозон хуучин цагийн коммунизмыг санагдуулан үл гүйцэлдэх мөрөөдөл болон хувирчээ. “Алтан гадас”-ынхан МоАХ фракцтай үгсэн тохирч Засгийн газрын бүрэлдэхүүнд л багтаж байвал бусад эрх ашиг “чепуха” болох нь илэрхий болсон.
Энэ байдал зургаан жилийн өмнөх тэр нэгэн ҮЗХ-ны хуралдааныг санагдуулж байна. Улс төрийн хорны үүр гэгддэг Нүхт цогцолборт АН-ын ҮЗХ хуралдаж 126 гишүүнийх нь дөрвөөс бусад нь намын дарга М.Энхсайхан, дэд дарга Л.Гүндалай, генсек Л.Гансүх нартаа “итгэл үзүүлэхгүй” хэмээн нүүр буруулж байв. Энэ үед М.Энхсайхан, Л.Гүндалай нар гадаадад ажиллаж байсан юм. Ингээд Р.Гончигдорж, Ш.Түвдэндорж нар намын удирдлагыг гартаа авч байлаа. Хөөрхий М.Энхсайхан одоогийн С.Эрдэнэ дарга шиг Хяналтын зөвлөлдөө хандсан ч юу ч олж “долоогоогүй”. УИХ-ын сонгуулиар МАХН-тай эн тэнцэхүйц суудал авчраад байсан намын даргаа тэд ингэж үнэлдэг билээ. Тэр үед мөн л эвслийн Засгийн газар байгуулаад байсан юм. Яг энэ гамшиг эдүгээ Н.Алтанхуягт нүүрлээд байна. Н.Алтанхуяг нам доторх, тэр тусмаа “Алтангадас”-ынхны араншинг дэндүү мэддэгийнхээ хувьд өөрийнх нь өөдөөс цор цорхийгээд байгаа С.Эрдэнийг намын гүйцэтгэх зөвлөлөөс холдуулсан нь энэ.
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлд намын удирдлага буюу намын дарга, генсек, Нийслэлийн АН-ын дарга нар багтдаг. Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ гэсэн гурвалжин өнцөг нь таарахаа байснаас шахалт хийсэн нь энэ. Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэгэн цагт сайдын суудлаар шагнуулж байсан Ш.Түвдэндоржийг оруулж ирснээр Н.Алтанхуяг замаа цэвэрлэв. Одоо ҮЗХ-ны хурлаа зарласан ч хамтарсан Засгийн газраас гарна гэсэн уриа дэвшүүлээд байхгүй, саад тотгоргүй боллоо. Маргааш ҮЗХ-ын хурлаа зарласан ч намын даргын байр суурийг ганхуулах тухай биш, тус намын орон байрны асуудлыг л тайван замаар ярилцана гэж тэр тооцоолжээ. Гэвч Ардчилсан нам ҮЗХ-гоо хуралдуулаад Их хурлаараа намын даргаа авч хаятал холоо хэвтэнэ. Наана нь С.Эрдэнэ ямархан хүчин чадалтай мина нууж байгаа, түүний баг хэрхэн хүчирхэгжиж буйг тэр дутуу тооцоолсон юм биш биз.
Ардчилсан хүчний холбоо бол бага хүч биш. Сайдын суудалд суугаагүй бүхэн тус холбоонд элгэмсүү хандаж байгаа. Бүсийн чуулга уулзалт гэдэг том нэртэй “Үүргэвчтэй аялал”-ын үеэр энэ байдал илт мэдрэгдэж байв. Учир нь АН-ынхан ололтоо ярьж, Засгийн газрын ажлыг тайлагнасан бол АХХ нь намынхаа алдаа дутагдал, холбооныхоо хийж буй ажлыг ярьж байснаараа эрс ялгарч байлаа. Нөгөөтэйгүүр, Ардчилсан хүчний холбоог ийнхүү ад үзэж, нухчин дарах гэж буй оролдлогыг нь З.Энхболд гэдэг эрхэм зүгээр хараад суухгүй нь лав. Уг нь З.Энхболд “Алтан гадас”-ынх. Гэхдээ “Алтан гадас” байтугай нь хуваагдчихаад байгаа нөхцөлд фракцийн гарал үүслээр ирээдүйг таамаглахад учир дутагдалтай болчихоод байна. Энд зөвхөн эрх ашгийн л тэмцэл өрнөж буйг АН-ынхан хүлээн зөвшөөрөх биз ээ. Үүнийг АН-ын гишүүд, дэмжигчид уншилтгүй, цээжээр мэдэж байгаа. Тиймээс уншихыг хориглоно хэмээн зөрүүдэлсэн минь энэ.
У.ОРГИЛМАА
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин