Халдвараас сэргийлж, 200 мянган мал вакцинжуулна

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Халдвараас сэргийлж, 200 мянган мал вакцинжуулна

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Онцгой комисс хил залгаа аймгуудад тархаад байгаа малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын явц, хэрэгжилтийн талаар өнөөдөр хуралдлаа. Тус хуралдаанд аймгийн Засаг дарга,  Онцгой байдлын газар, Цагдаа, эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын газар, зам засвар, цахилгаан шугам сүлжээ, холбооны газрын дарга болон холбогдох бүх байгууллагын дарга нар оролцлоо. Хуралдааны үеэр  шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажлын мэдээллийг хэлэлцэж, Дорнод Сүхбаатар аймагтай хил залгаа Баян-Овоо, Галшар, Баянхутаг, Норовлин сумын малд вакцин тарих ажилд аймгийн Онцгой комиссын гишүүд хяналт тавих,  вакцин тарих ажилд шаардагдах 9 сая төгрөгийн санхүүжилтийг шийдэх, зээрийн тандалт хяналтыг сайжруулах,  ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа 8 постын ажиллах нөхцөл хангамжийг сайжруулах, энэ сарын 23-нд тус аймагт ирэх 200 мянган малд хийх вакцин тарих бэлтгэл ажлыг хангах талаар холбогдох ажилтнуудад албан даалгавар өглөө.  Өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Дорнодтой хил залгаа дөрвөн сумын малд үзлэг шинжилгээ хийх ажлын явц 76 хувьтай байгаа бөгөөд орон нутагт буй зээрийн сүрэгт тандалт хийхэд халдварын шинж тэмдэг илрээгүй аж. Өнгөрсөн хугацаанд аймгийн 8 постоор нийт 1362 машин, 5448 хүн нэвтэрүүлжээ.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж