Цахилгаан станцыг нүүрсээр хангана

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Цахилгаан станцыг нүүрсээр хангана

“ЭНЕРЖИ РЕСУРС” КОМПАНИ ДАЛАНЗАДГАДЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫГ НҮҮРСЭЭР
ХАНГАНА

Намрын нарлаг өдрүүд ард үлдэх дөхөж, өвөлжилтийн бэлтгэл хангах асуудал хаа сайгүй анхаарлын төвд байгаа. Улсын хэмжээнд авч үзвэл түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 8-р сарын байдлаар 69.4 хувийн биелэлттэй байгаа ч цахилгаан болон дулааны хэрэглээний өсөлт илт нэмэгдэх төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байгаа юм байна.


Салбарын байгууллагуудын шугам сүлжээний засвар үйлчилгээ, нүүрсний нөөц хангалт гээд олон асуудал ид өрнөж байгаа энэ үед дотоодын уул уурхайн компани Энержи Ресурсийн зүгээс өөрсдийн үйл ажиллагаа явуулдаг Өмнөговь аймгийн дулааны цахилгаан станцын энэ өвлийн нүүрсний нөөцийг хангахаар болсон байна. 30,000 тон нүүрсийг цаг алдалгүй нийлүүлснээр Даланзадгад сумын 40 гаруй мянган иргэн 2010-2011 оны өвлийг цахилгаан, дулааны тасалдалгүй өнөтэй давах боломж бүрдэж байгаа юм. Тус аймгийн Цогтцэций сумын нутагт дахь Ухаа худагийн нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компани орон нутгийн тогтвортой хөгжилд чиглэсэн бодлогынхоо хүрээнд өнгөрсөн өвөл ч бас дээрхи хэмжээний нүүрсийг аймгийн дулааны цахилгаан станцад нийлүүлж, өвөлжилтийнх нь бэлтгэлд бодитой дэмжлэг үзүүлж байжээ.

Нэмж сонирхуулахад, Ухаа худаг уурхайн нүүрсний нөөцийн дийлэнх хэсэг нь өндөр чанарын коксжих нүүрс учраас эрчим хүчний үйлдвэрлэлийн хэрэглээнд шууд нийлүүлэх боломжгүй. Иймд уурхайгаас олборлосон нүүрснээс тусгайлан ангилан ялгалт хийсний үр дүнд станцад нийлүүлж болохуйц эрчим хүчний нүүрсийг гарган авдаг юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж