АНУ-ыг ажилгүйдэл, ядуурал нэрвэж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

АНУ-ыг ажилгүйдэл, ядуурал нэрвэж байна

АНУ-д  2008 оноос эхэлсэн санхүүгийн хямрал нь эдийн засгийн зогсонги байдлыг бий болгосон билээ. АНУ-ын Холбооны Тоо бүртгэлийн албанаас пүрэв гаригт мэдээлснээр 2009 онд тус орны ядуу зүдүү амьдралтай хүмүүсийн тоо 43,7 сая хүрсэн нь нийт хүн амын 7 хүний нэг нь тарчиг ядуу амьдрах болж, 1965 оноос хойш бүртгэгдэж байгаагүй үзүүлэлт болсон байна.

Ядуурлын  хэмжээ 14,3 хувь хүртэл өссөн нь 1994 оноос хойш гарч байгаагүй тохиолдол бөгөөд нэг жилийн дотор эрс нэмэгдсэн аж. 2008 онд ядуурал 13,2 хувь буюу 39,8 сая байсан бол зөвхөн нэг жилийн дотор 2009 онд 4 сая хүн ядуучуудын эгнээнд шилжин орсон байна.

Холбооны Тоо бүртгэлийн албаны дарга Дэвид Жонсон нэгэн хэвлэлийн бага хурал дээр  ядуурлын тоо хэмжээ  нэмэгдэж байгаа нь 9,6 хувь хүртэл өсөн нэмэгдсэн  ажилгүйдэлтэй “ямарч эргэлзээгүйгээр” холбоотой  гэж хэлжээ.

Тоо бүртгэлийн албанаас америкийн иргэдийн дундаж орлого хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгаа  талаар мэдээлсэн байна. Засгийн газрын үзэж байгаагаар дөрвөн ам бүлтэй нэг өрхийн жилийн дундаж орлого 22000 доллараас доош бол тэдгээр өрхийг ядуучуудын тоонд оруулдаг байна. Гаргасан статистик үзүүлэлтээр жилийн орлого нь 49777 долларын орлого бүхий дундаж түвшний өрхүүд ядууралд нэрвэгдээгүй бөгөөд тэдгээрийн жилийн орлого нь  нэг түвшинд тогтвортой байсан байна.

Гэвч нийгмийн бүх давхаргын орлого нэг хэмжээнд ижил байгаагүй бөгөөд ядууралд хамгийн их нэрвэгдсэн нь хар арьстан иргэд болон латин америк гаралтай өрх гэрийнхэн байсан ажээ.

Хэдийгээр пүрэв гаригт ийм ноцтой тоо баримтууд мэдээлсэн боловч ядуурлын түвшин 15 хувьд хүрнэ гэж тооцоолж байсан мэргэжилтнүүдийн урьдчлан гаргасан таамаглал дүгнэлтийн хэмжээнд  хүрээгүй байна.

Ерөнхийлөгч Обама “Эдийн засгийн зогсонго байдал эхлэхээс өмнө ч гэсэн АНУ-ын ядуучуудын тоо хүлээн зөвшөөрмөөргүй их байсан, өнөөдрийн/пүрэв гариг/  хэвлэн нийтэлсэн тоо баримтууд нь бидний ажил дөнгөж эхлэлийн шатанд байгааг харуулж байна” гэж хэлжээ. Тэрээр “сая сая америкчуудыг” ядуурлаас холдуулахаар хэрэгжүүлж буй эдийн засгийг тохинуулах бодлогынхаа ач холбогдлыг онцлон дурдсан байна. Ерөнхийлөгч “Татвараас чөлөөлөх, хөдөлмөрчин өрх гэрийн олонхийн орлогыг дэмжихэд чиглэсэн олон хөтөлбөрийн ачаар ирэх онд сая сая америкчуудыг ядуурлын ангалд унахаас урьдчилан сэргийлэх болно” гэж онцлон хэлсэн байна.

Эх сурвалж: LA NACION.com


Бэлтгэсэн Д.Пунцаг   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж