Оросууд төмөр замаа тэлэхийг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Оросууд төмөр замаа тэлэхийг хүсчээ

Орос төмөр замынхаа бодлогыг шинэчилж, дахин шинэ гарцтай болох гэж байгаа тухай “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхийлөгч Владимир Якунин албан ёсоор мэдэгджээ. Тэрбээр “2008 оны эцэс, 2009 оны эхээр ачаа тээвэрлэлтийн хувь, хэмжээ буурсан. Манай гол ачаалал Ойрхи Дорнод руу чиглэдэг. Харин далайн тээвэр ихэвчлэн Зүүн Өмнөд Ази руу хүрдэг юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Ойрхи Дорнодтой холбохоор барьж буй суваг хөрөнгө оруулалт дутагдалтай улмаас зогсонги байдалд байсан. Гэхдээ одоо хоёр тэрбум ам.доллар байвал 2015 он гэхэд бүрэн дуусах болно. Өнөөдөр Азийн эдийн засаг хурдацтай өсч байна. Энэ үед Европын зах зээл уналтад орж болзошгүй. Тэгэхээр Орос орноор дамжуулан Зүүн Өмнөд Ази, Ойрхи Дорнодтой харилцахаас өөр аргагүй” гэжээ. Гэхдээ сүүлийн үед тус улсаас төмөр, коксжих нүүрс, нефтийн бүтээгдэхүүн, бордоо ачсан усан онгоцууд Ойрхи Дорнодыг зорих нь олширсон бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн гэх үзүүлэлт гарчээ. "Оросын төмөр зам" нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ойрын зорилго нь гадаад худалдааны тээврийн сүлжээгээ өргөтгөх явдал юм. Тиймээс Алжир улстай нийт 810,48 сая еврогийн гэрээ байгууллаа. Уг төмөр зам нь ОХУ-ыг Африкийн хойд хэсэгтэй холбох олон улсын шинэ гарц болох юм. Түүнчлэн тус улс БНСУ-тай төмөр замын шинэтгэлийг хамтран хийж байгаа бол БНХАУ-тай хийдэг худалдааны эргэлтээ 60-80 тэрбум ам.долларт хүргэж, төмөр замын салбарт шинэ чиглэлүүдийг бий болгох зорилт тавиад байна.

Г.Амартүвшин

Зохиогчийн эрх: "Үндэсний шуудан"  сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж