Гадаадад буй иргэдийг хамгаалах хууль чухал

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Гадаадад буй иргэдийг хамгаалах хууль чухал

Сүүлийн үед Гадаад улс орнуудад ажиллаж амьдарч буй иргэдийн эрх ашиг зөрчигдөх явдал ихсэж, хууль эрх зүйн хамгаалалтгүй орчны улмаас амь насаа алдах тохиолдол хүртэл гарах болов. Гадаад оронд амьдарч буй иргэдийн нийгмийн орчинг боловсронгуй болгох чиглэлд ажиллаж буй буй Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Энх-Эрдэнэтэй уулзан дараах тодруулгыг хийлээ.

-Та зөвлөл, ажлын албаныхаа зорилго, бүтэц зохион байгуулалтын талаар тодруулна уу?

-Манай зөвлөл жилийн өмнө Засгийн газрын 48-р тогтоолоор байгуулагдсан. Гадаадад буй иргэдийн нийгмийн амьдралыг сайжруулах талаар төрөөс баримтлах бодлогыг зөв зохион байгуулах, салбар дундын зохицуулалт хийх, нэгдсэн бодлогоор хангах зорилготой. Салбар дундын шинж чанартай тул зургаан яам, гурван агентлагийн дарга нараас бүрддэг. Өдөр тутмын үйл ажиллагааг явуулдаг зургаан хүнээс бүрдсэн  ажлын албатай. Энэ ажлын албанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан хаагчдаас бүрддэг. Миний бие зөвлөлийн нарийн бичгийн дарга буюу Ажлын албаны даргын үүргийг гүйцэтгэдэг. Зөвлөлийн үндсэн чиг үүрэг нь гадаадад буй иргэдийн нийгмийн амьдралыг сайжруулах чиглэлээр төрөөс баримтлах бодлогыг сайжруулах юм.

-Зөвлөл байгуулагдсанаасаа хойш юу хийсэн юм бэ?

-Эхний ээлжид гадаадад буй иргэдийн мэдээллийн сан үүсгэх, бүртгэл судалгааг хийж байна. Ямар боловсролтой хэн гэдэг хүн хаана юу хийж байгааг мэдэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагуудад байгаа мэдээллийг нэгтгэж байна. Энэ ажлын онцлог нь төрийн байгууллага дангаараа хийгээд явах боломжгүй. Гадаадад буй Монголчууд эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахын тулд ихээхэн санал санаачилга гаргадаг болчихжээ. Нэгэнт ийм нийгмийн захиалга үүсчихсэн байсан тул өнгөрөгч долдугаар сард гадаадад буй Монголчуудын чуулга уулзалтыг хийлээ.

-Хичнээн иргэн гадаад оронд ажиллаж амьдарч байгаа талаар албан ёсны тоо гарсан уу?

-Яг өнөөдөр хичнээн хүн гадаадад байгаа гэж хэлэх тоо алга. Гадаадын консулын газраас ирүүлсэн мэдээллээс үзвэл 120 мянга гаруй иргэн байна. Харин төрийн бус байгууллагуудын судалгаа мэдээллээр 200 мянгаад иргэн байгаа тойм гарч байна. Үүнийг хүн амынхаа тоонд харьцуулбал харьцангуй өндөр тоо. Гадаадад буй хүмүүсийнхээ хувь нэмрийг авах, эдгээр хүмүүст дэмжлэг үзүүлэх талаар төрийн бодлого гарах цаг нэгэнт болсон байна. Эрх зүйн талаасаа хийж цэгцлэх зүйл их бий. Гадаадад буй Монголчуудын эрхийг ингэж хамгаална гээд бариад явах хууль алга. Мөн гадаадад буй Монголчууд ч энэ тал дээр эрх зүйн мэдлэг дутагдалтай байна.

-Энэ салбарт тулгамдаад буй ямар асуудлууд байна?

-Гадаад харилцааны яам, Консулын хэлтэс дээр байгаа тоо яагаад ийм хол зөрөөтэй байна гэвэл хуульд сайн дураар бүртгүүлэх гэсэн заалт байна. Тиймд хүмүүс энэхүү бүртгэлийг чухалчлан үздэггүй. Хэн хаана байгааг бид мэдэхгүй тул хэрхэн яаж хамгаалах талаар боломжгүй. Иймд гадаадад буй монголчууд өөрсдийнхөө эрхийг хамгаалуулахын тулд эхний ээлжид өөрийгөө бүртгүүлж, аль аль талдаа мэдээлэлтэй байх нь чухал. Ингэж бүртгэлд ч ороогүй атлаа гэнэтхэн би Монгол байна. Миний эрх ашиг зөрчигдлөө хэмээн хэн нэгэн гарч ирдэг. Иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалах чиг үүрэг консулын газарт харъяалагдаж байдаг.  Зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл хамтын ажиллагааг хангах юм. Гэхдээ бид гадаад харилцааны яамны консулын хэлтэстэй энэ асуудлаар ярилцсан. Солонгост буй элчин сайдын яам, консулын хэлтэс энэ асуудал дээр анхаарал тавин ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Эрх нь зөрчигдсөн иргэний эрхийг хамгаалах процессын зохицуулалт байхгүй байгаа тул энэ хуулийг тодорхой болгох шаардлагатай.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж