Ардчилсан намын уураг тархи унтаа байна

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын уураг тархи унтаа байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй
ярилцлаа.

-Нийслэлийн Ардчилсан даргын бүрэн эрхийн хугацаа сарын дараа
дуусах байсан гэж та хэлсэн. Нийслэлийн Ардчилсан намын хороо таныг
огцруулах гэж яагаад ингэж адгаж яарах болов. Үүний цаана ямар операц
явав гэдгийг танаас тодруулмаар байна?

-Би үүнийг цэвэр улс төрийн зорилготой үйл ажиллагаа болсон гэж ойлгож
байгаа. Бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгоно гэдэг бол өөрөө
дүрмийн заалт. Сарын дараа гэхэд дүрмээрээ миний бүрэн эрхийн хугацаа
дуусаад сонгууль явах ёстой байсан. Сая болж өнгөрсөн үйл явдал хоёр
зорилго агуулсан гэж би үзэж байгаа. Нэгдүгээрт, надад ямар нэг байдлаар
хариуцлага тооцсон байдлаар огцруулж, нийгэмд миний нэр хүндийг унагах
гэсэн нэг зорилго байсан. Хоёрдугаарт ҮЗХ-ны хурлын өмнө ээлжит
бэлтгэлээ хийж байгаа хэрэг. ҮЗХ-ны хурлаар асуудал хурцаар тавигдах
боломжтой учраас “Олон юм яриад байвал ингээд амыг чинь хаадаг юм шүү”
гэсэн дохио сануулгыг ҮЗХ-ны бусад гишүүдэд өгөх зорилготой байсан болов
уу гэж хардаж байгаа.

-Нийслэлийн Ардчилсан намын хурлыг хийнэ. Түүгээр таны суудлыг
хөдөлгөнө гэдгийг та өмнө нь мэдэрч байсан уу. Хурал дээр нөгөө тал ямар
үндэслэл гаргаж ирсэн бэ?

-Мэдэж байсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард надад итгэл үзүүлэх эсэх
асуудлаар бүр санал асуулга явж байсан. Гэхдээ намайг буулгах гэсэн
хэсэг олонх болж чадаагүй. Өнөөдөр тэд улаан цайм дүрмийн бус аргаар энэ
асуудлыг дахиж оруулж ирсэн нь энэ. Саяын хурал дээр анхнаасаа л намайг
унагах зорилготой орж ирцгээсэн. Хэлэлцэх асуудлыг батлах явцад энэ
асуудал гарч ирсэн. Хурал даргалагч улаан цайм С.Эрдэнийн бүрэн эрхийн
хугацаа дууссан гэж нэг хэлж үзээд, хамтарсан Засгийн газрын үйл
ажиллагааны эсрэг удаа дараа мэдэгдэл хийж, Ардчилсан намын бодлоготой
зөрчилдөж байсан учраас гэж бас нэг хэлж үзээд, тэгснээ итгэл үзүүлэх
эсэх асуудлаар санал хураах гэж байна гэж хэлээд, нэг иймэрхүү юм
болсон. Үндсэндээ бол яг ямар тайлбар хийхээ өөрсдөө ч ойлгоогүй.
Үндэслэл нь огт гарч ирээгүй.

-Дүрэм зөрчиж байна шүү гэж та хэлсэн үү?

-Хэлж үзсэн. Цаанаасаа хуралдааныг үймүүлэх зорилготой байсан байна лээ.
Тооллогын комиссын нэрийг зориуд цаанаасаа дэвшүүлсэн. Бид аль болох
хэрүүл, маргаанаас зайлсхийж, тухайн үед гарч ирж байсан саналуудыг нэг
их эсэргүүцээгүй. Тэдний дэвшүүлсэн хүмүүсийг баталсан. Дүрмийн хүрээнд л
асуудлыг шийдэх ёстой гэж үзсэн учраас тэгсэн. Уг нь нийслэлийн
Ардчилсан намын дарга бол онцгой албан тушаал байдаг. Намын дарга,
Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хамт намын удирдлагад тооцогддог. Тэр
хүний асуудлыг ярья гэвэл заавал ҮЗХ-ны хурлаар хэлэлцэж шийдэрлэх
ёстой. С.Эрдэнэ гэдэг хүнийг биш шүү. Нийслэлийн намын даргыг гэдгийг
давтаж хэлье. Гэтэл сая тэгсэнгүй. Шууд хуралдаан зарлаад л хуйвалдаан
маягаар асуудлыг шийдэх гэж оролдлоо.

-Нийслэлийн намын даргад хэдэн хүний нэр дэвшүүлсэн юм бэ?

-Хоёр хүн дэвшүүлсэн. Гэхдээ Х.Тэмүүжин бүр сүүлд нэр дэвшилт дууссан
хойно орж ирээд гарсан юм байна лээ. Тэгээд ч Х.Тэмүүжин нэр дэвших
эрхгүй хүн шүү дээ.

-Яагаад?

-Нийслэлийн намын зөвлөлдөх хорооны гишүүн биш учраас. Зөвлөлдөх хорооны
гишүүн бус хүн нийслэлийн Ардчилсан намын дарга болдоггүй л байхгүй юү.


-Тэгээд Ш.Түвдэндорж гоц мөргөсөн юм уу?

-Тэгээд Ш.Түвдэндорж нэр дэвшсэн юм байна лээ. Санал хураалтад 50-иад
хүн оролцсон. Хуралд ирсэн 101 хүнээс шүү дээ. Тэр нь манай нийслэлийн
намын хорооны 135 гишүүний тал хувьд ч хүрэхгүй.

-Та хурал орхиж гарсан байх аа. Таныг дагаж гарсан гишүүд бий юү?

-Би хурал орхиж гарсан. Тэнд байсан 101 гишүүнээс 50 гаруй нь намайг
дагаж гарсан. Дүрмийн бус асуудал боллоо гэж үзээд гарсан. Тэрнээс би
албан тушаалдаа хайртайдаа тэгээгүй.

-Ш.Түвдэндорж та нар ардчиллын анхны өдрөөс хамт явж ирсэн. Яагаад
ингэж албан тушаалын зөрчилдөөн үүсэх болов?

-Би Ш.Түвдэндоржтой албан тушаал булаацалдаагүй. Тийм шаардлага ч надад
байхгүй. Ш.Түвдэндорж яагаад ийм үйлдэл хийж байгааг би ойлгохгүй байна.

-Тамга тэмдгээ Ш.Түвдэндоржид өгсөн үү?

-Өгөөгүй, надад байгаа. Намайг баталсан ҮЗХ-ны тогтоол хүчинтэй хэвээрээ
байна. ҮЗХ дахиж хуралдаагүй байна. Миний бүрэн эрх албан ёсоор ирэх
аравдугаар сард дуусна.

-Бүрэн эрх дуусахаараа тамгаа өгнө гэж үү?

-Тэр үед дүрмийн дагуу асуудлаа шийдээд авах ёстой хүн нь авна биз.

-Ганц энэ ч биш. Ардчилсан нам нэг л биш байна гэж та хэлээд
байгаа. Энэ нам дотор одоо яг юу болоод байна?

-Ардчилсан нам дотор яг юу болж байгааг та нар битгий хэл би өөрөө ч
хэлж мэдэхгүй байна. Ардчилсан намын уураг тархи болсон удирдах дээд
байгууллага нь хагас жил хуралдсангүй. Нам юу хийгээд байгаа нь
ойлгомжгүй. Бүсийн чуулга хийгээд байгаа л гэнэ. Гэтэл тэр нь дандаа л
хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны тайланг тавьдаг, танилцуулдаг
тийм л хурал болж хувирсан. Намын дотоод үйл амьдралтай холбоотой
асуудлыг тэнд огт ярихгүй байгаа.

-ҮЗХ-ны хурлыг хэзээ хийхээр товлоод байгаа вэ?

-Тэрийг намын дарга л мэднэ. Уг нь ҮЗХ-ны хурлаар юу хэлэлцэх вэ, хэзээ
хуралдуулах вэ гээд Гүйцэтгэх зөвлөл хуралдаж байх ёстой. Шийдвэрээ
гаргах ёстой. Харамсалтай нь хуралдахгүй байна. Өнгөрсөн хавраас хойш
нэг ч хуралдсангүй. Тэгэхээр нам амьгүй байгаа биз дээ.

-Та сүүлийн үед Э.Бат-Үүл гишүүнтэй хэвлэлээр нэлээд үзэлцлээ.
Нийтлэлч Баабар болохоор таныг “Бүлнэ, дүрнэ гэхээс өөр юм мэдэхгүй
мангар хар хүн байдаг гэж чимхэх болж. Та бол ардчилсан хүчний анхны
хүний нэг яах аргагүй мөн. Тэгэхдээ үнэхээр тэгж мангарлаж явдаг байв
уу, эсвэл намаа засч залруулах гэж хэлснийг тань тэд мушгиж гуйвуулаад
байна уу?

-Намайг хэн байсныг Баабар маш сайн мэднэ. Мэдэхийн дээдээр мэднэ.
Баабар бол хүн гутааж доромжлохын их мастер л даа. Ер нь үе үеийн
дарангуйлагч нар их жижигхэн биетэй байсан юм гэнэ лээ. Дутуу төрснөө
нөхөх гэж дандаа хүн дайрч доромжилдог. Үнэндээ Баабар нь ч тэр,
Э.Бат-Үүл нь ч тэр, өнөөдөр зүгээр л захиалгат улс төр хийж байгаа юм.
Оюутолгойн гэрээ батлагдах гэж байхад Баабарын хэвлэлд өгч байсан
нийтлэлүүдийг та бүхэн санаж байгаа. “Энэ гэрээ шиг гайхамшигтай сайхан
гэрээ байхгүй. Энэ гэрээг хийчихвэл Монголын ард түмэнд л хэрэгтэй.
Тэнэг юмнууд эсэргүүцэж байна” гээд л баахан хүнийг доромжилсон. Тэгвэл
ний нуугүй хэлэхэд Оютолгойн гэрээ батлагдаад жил гаруй хугацаа
өнгөрлөө. Энэ хугацаанд энэ гэрээнээс Монголын ард түмэнд ямар ашиг тус
гарав. Эдийн засаг өсөв үү, ямар нэмэр хандив болов. Энэ асуудал
өнөөдрийг хүртэл бүрхэг хэвээрээ л байна. Тавантолгойн гэрээ ч бүрхэг
хэвээрээ л байгаа шүү дээ. Эдийн засгийн үзүүлэлт, нөөц, ашиглалтын
хувилбар нь  тодорхойгүй. Ингээд яриад байвал асуудал зөндөө.

-Э.Бат-Үүл баатар та хоёр ардчиллын анхдагчид. Харин сүүлийн үед
яагаад эв эвдрээд байна?

-Манай Үүл асуудалд ноён нуруутай л хандах ёстой хүний нэг. Харамсалтай
нь дэндүү болчимгүй, тухайн үеийнхээ ойлгоц, хандлагаар асуудалд
ханддаг, түүнээсээ болж байнга алдаа хийж явдаг хүн шүү дээ. Өөр юу
гэхэв.

-МАХН үндэсний ардчилсан үзэл баримтлалыг авах гээд Тэрэлжийн
тунхаг гэсэн бичиг гаргаад явж байна. Гэтэл энэ чинь танай намын
баримталж байгаа бүр унаган үзэл баримтлал биз дээ?

-Манай Ардчилсан намын уураг тархи ажиллахгүй байгаа учраас энэ үхмэл
байдлыг ашиглаж МАХН үзэл баримтлалын хулгай хийж байна. Би ганцхан
зүйлийг онцолж хэлмээр байна. Бид 1990 онд ардчилал, шударга ёс, хүний
эрхийн асуудал ярьж байх тэр явцад хамгийн их эсэргүүцэж нухчин дарахыг
оролдож байсан тэр улс төрийн хүчин бол МАХН шүү дээ. Нэг зүйлээр би
өнөөдөр бахархаж байгаа. Ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг тэр үед
эсэргүүцэж байсан улс төрийн хүчин өнөөдөр ардчиллыг өмчилж авахыг
оролдоод, үндэсний ардчиллыг өөрийн үзэл баримтлал болгох гээд явж
байгаа нь нэг талаараа бидэнд бахархал юм. Бид үзэл санааны ялалт
байгуулснаараа бахархах ёстой. Ардчилсан үзэл санаа бол хүний нийгмийн
түүхэнд бий болсон хамгийн зөв үзэл баримтлал байжээ. Төгс төгөлдөр үзэл
баримтлал байжээ гэдгийг тэр үед хамгийн их эсэргүүцэж байсан улс
төрийн хүчин болох МАХН хүлээн зөвшөөрөөд өнөөдөр түүнийг өмчилж авах
гээд улайрч байна.

Нөгөө талаараа бид өөрсдийн бий болгосон үзэл баримтлал, 20 жилийн
түүхэнд бий болгосон үнэт зүйлсийн нэг болох зүйлээ харсаар байж огт өөр
зүүний чиглэлийн коммунист үзэл баритмтлалтай байсан намд үг дуугүй,
ямар ч эсэргүүцэлгүй өгөх гээд сууж байгаа нь маш том гутамшиг юм. Энэ
асуудлаар өнөөдөр Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж байх ёстой.
Тэнд бодлого ярьж байх ёстой. Харамсалтай нь юу ч болж бай хамаагүй, бид
сандал, ширээтэйгээ л байвал боллоо гэсэн бодлого манай удирдлагад
байгаа юм уу даа. Үүнээсээ болоод Ардчилсан намын уураг тархи унтаа
байна. Уураг тархийг нь зориуд унтуулаад байгаа ч юм уу. Бүр тэгж
бодоход хүрч байна шүү дээ.

-Хэн зориуд унтуулж байна гэж?

-Үгүй яахав захиалга байна. Ардчилсан намыг чимээгүй унтуулж байгаад
МАХН-ын бүх луйврыг хийлгэе гэсэн тодорхой зорилго байна. Өнөөдөр манай
намын яг удирдах дээд уураг тархи болсон байгууллага хуралдахгүй байна.
Тэгэхээр дор бүрнээ бухимдахаас өөр юм хийж чадахгүй л байна.

-МАХН “социалист” гэсэн үгээс татгалзаад эхэллээ. Залуучууд нь
нэрээ сольчихлоо. Ардчилсан намын үзэл баримтлалын орон зай руу том
давшиж байна. Тэгсээр тэгсээр ирэх 2012 оны сонгуульд ижилхэн байр
суурьтай хоёр нам орох юм биш байгаа?

-МАХН-д зүүний үзэл баримтлалаасаа татгалзаж байгаа өнгө төрх харагдаж
байна. Ямар нэг “изм”-гүй болоод явах гэж байна л даа. Нэг талаасаа энэ
бол дэвшил юм. Нөгөө талаасаа МАХН өөрсдөө үзэл баримтлалаа зөв
тодорхойлоод явах хэрэгтэй. Хүний үзэл баримтлалыг хулгайлдгаа боливол
яасан юм бэ. Үндсэндээ МАХН бол тогтсон үзэл баримтлалгүй нам.
Нагаржунайн онол гэж нэг хэсэг давхилаа. Ардчилсан социалист үзэл
баримтлал гэж давхисан. Ямар ч үзэл баримтлалгүй нэг хэсэг явсан.
Коммунизмаас татгалзсанаасаа хойш үзэл баримтлалаа тогтоох гэж тэмтчээд
сохор хүн шиг л яваа нам. Нэр хаяг солих төдийгөөр ардчилсан үзэл
баримтлалыг өөртөө наах гэж байгаа бол явуургүй юм. Авах гэж байгаа бол
бүр ил тод зарлаад авах ёстой.

-МАХН баруун тийш яваад байхад харин Ардчилсан нам зүүн рүү яваад
байх шиг танд санагддаг уу?

-Ардчилсан нам зүүний ч биш, барууны ч биш, ажиллагаагүй зогсчихоод
байна. Буруу, зөв ч бай , ажиллаж байгаа бол өөр хэрэг. Юм хийж байгаа
хүнээс алдаа гардаг. Түүнийг засч залруулаад явна гэхсэн. Юу ч хийхгүй
байгаа намыг юу гэж хэлэх вэ дээ. Хавар болсон ҮЗХ-ны хурлаар гишүүдэд
үүрэг даалгавар өгч тогтоол гаргасан. Эрдэнийн хувь гэж тэр хувьцааг
амьдрал дээр хэрэгжүүлэх үүрэг өгсөн. Хүүхдийн мөнгийг сэргээх, ажлын
байр нэмэгдүүлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, хууль, шүүхийн
байгууллагын шинэчлэлийг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Гэтэл өнөөдөр аль нь ч
хэрэгжсэнгүй. Юу ч хийхгүй байна гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна.

-Ардчилсан нам яавал амь орох вэ?

-Шинэчлэгдэх л шаардлагатай. Маш эрчимтэй, хурдтай шинэчлэл хийх
хэрэгтэй. Үйл ажиллагаа, зохион байгуулалтын хувьд шинэчлэгдэх ёстой.
Тэрнээс биш МАХН шиг үзэл баримтлалгүй энэ тэрийн зовлон алга. Бидэнд
өөрийн гэсэн үнэт зүйлс бий. Ардчилал, хүний эрх, шударга ёс, ардчилсан
үзэл санаа энэ бүхэн манай намд байгаа. Ганцхан үйл ажиллагаа, зохион
байгуулалтын төвшинд л яаралтай шинэчлэгдэх хэрэгтэй.

-Таны нэг үе толгойлж байсан МоАХ ч зогсонги болж. Бүр үүргээ
гүйцэтгэж дууссан гэсэн яриа гарах болсныг юу гэж үзэх вэ?

-Би дарга нь байсан. МоАХ-ны үйл ажиллагаанд анхнаас нь явсан. МоАХ-ны
нийгэмд гүйцэтгэх үүрэг хэвээрээ байгаа. Гэхдээ бас л шинэ бүтэц, зохион
байгуулалтад шилжиж байж л энэ үүргээ гүйцэтгэж чадна. Тэрнээс биш
өнөөдрийнх шиг унтаа байвал тодорхойгүй хэвээрээ л байна.

–Уг нь гишүүд нь их дайчин шүү дээ. Унтаа болчихсон тэднийг яаж
сэрээх вэ?

-Манай партизанууд үнэхээр дайчин, гайхамшигтай. Тэдний нуруун дээр
Монголын ардчилал 20 жил явсан. Одоо сэрэх цаг нь болсон байх аа.

-Аяндаа сэрнэ гэж үү?

-Тэд маань мэдрэмжтэй, сэрнэ. Гэхдээ сэрээхгүй байх бодлого бас явж
байгаа л даа. Халамжийн маш хүчтэй бодлого явж байна.

-Ардчилсан хүчний холбоог Ардчилсан намын нэг фракц гэж үздэг.
Намыг хагалж намын удирдлагыг авах зорилгоор гарч ирсэн гэж ярьдаг
болсон. Тийм зорилго танай холбоонд байгаа юу?

-Хүн мэдэхгүй, таниагүй юмнаасаа дандаа айдаг шүү дээ. Ардчилсан хүчний
холбоог таниагүй, эсвэл зориуд “хадны мангаа” болгож олон түмнээс
холдуулах гэсэн улс төрийн зорилго явж байгаа. Манай холбоо бол Монгол
Улсын хуулийн дагуу байгуулагдсан төрийн бус байгууллага. Гарч ирэхдээ
Монголоо шинэчилье гэсэн зорилго л тавьсан. Нийгмийн бүх салбарт
шинэчлэлт өөрчлөлт эхлүүлье гэсэн. Тэрнээс биш аль нэг фракцийн төдий
хэмжээнд үйл ажиллагаа эхлээгүй.Тийм явцуу зорилго бидэнд байхгүй.

-Цаашдаа энэ холбоо ямар үйл ажиллагаа явуулах вэ. Эрч хүч жаахан
саараад байна уу?

-Бид улам л эрчимжинэ. Олон түмэнд хүрч ажиллана. Манай эрч хүч
саараагүй. Улс төрийн, намуудын шинэчлэлийн асуудлыг ч хөндөнө. Харин
манай холбоо дэндүү идэвхтэй байж, бүсийн чуулган хийснээрээ хэрэгтэн
болчихоод байна.

-Харин тийм, Ардчилсан намтай бүсийн чуулгантай зэрэгцүүлсэн гээд
байх шиг байсан?

-Манай холбоо анхнаасаа ерөнхий зөвлөлийн хурлаараа шийдээд л бүсийн
чуулган хийсэн. Ардчилсан нам бүсийн чуулган хийсэн ч юм биш. Хэсэг
бүлэг хүн л хийсэн. Ийм ажил хийнэ гэдгийг Гүйцэтгэх зөвлөлөөрөө ч,
удирдах аль ч төвшинд яриагүй. Гэнэтхэн л ийм чуулган хийнэ гэсэн мессеж
ороод ирсэн. Утас, мессежээр л шийдвэр гаргадаг болсон юм байна л даа.
Манай холбоог долдугаар сард анхны хангайн бүсийн чуулган хийж байхад
Ардчилсан намд бүсийн чуулган хийх сураг ч байгаагүй.

-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хурлаар тэргүүний асуудал ярихад
С.Одонтуяагийн ард С.Эрдэнэ гишүүн, Ардчилсан хүчний холбоо байна.
С.Эрдэнэ гишүүн эмэгтэйчүүдээр дамжуулж намд нөлөөгөө тэлэх гэлээ гэсэн
яриа хүчтэй дуулдсан. Танд тийм бодол байсан уу?

-С.Одонтуяа бол өөрөө бие даасан улстөрч. Миний аваад суусан авгай биш.
Бие даасан улстөрч эмэгтэйг заавал надаар овоглох гээд байдаг нь ямар
учиртай юм. Нарийн яривал Ц.Оюунгэрэл ч, С.Одонтуяа ч хоёулаа Ардчилсан
хүчний холбоог үүсгэн байгуулалцсан. Алийг нь хэнээр овоглох гээд байгаа
нь харин сонин л байхгүй юү.

-Хамтарсан Засгийн газрыг байх ёсгүй гэж анхнаас нь шүүмжилсэн цөөн
улстөрчийн нэг бол та. Таны байр суурь хэвээрээ юү?

-МАХН-ын олигархи бүлэглэлтэй “хамтарсан” энэ Засгийн газрын үйл
ажиллагаа хоёр жилийн дараа улам тодорхой болж байгааг харж байгаа байх.
Уг нь анх энэ Засгийн газарт орохдоо Ардчилсан нам сонгогчдодоо нэг сая
төгрөгийн Эрдэнийн хувьцаа олгох, 300 гаруй мянган иргэнийг ажлын
байраар хангах, эрх баригч МАХН-ын бүхий л үйл ажиллагаанд хяналт тавих
үүрэг хүлээж орсон. Эдгээрийн аль нь ч өнөөдөр сураг чимээ алга. МАХН-ын
үйлажиллагаанд хяналт тавих биш, харин ч хамтарч иддэг засаглал гэсэн
нэр хүлээгээд сууж байна.

Долдугаар сарын 1-ний үйл явдлыг МАХН-ын өмнөөс “зохион байгуулалттай
үймээн” гэж нэрлээд иргэдийн өмнө намынхаа нүүрийг улалзуулж байна.
Монголын нэн шинэ үеийн түүхэнд аль нам хэлмэгдүүлэлт явуулсан билээ.
Түүнийхээ төлөө МАХН нэг ч удаа ард түмнээсээ уучлалт гуйгаагүй. Харин ч
нэрээ солиод бүх нүглээ цайруулаад нуугдах гэж оролдож байна. Буруу үйл
хийсэн хүн л уучлалт гуйдаг биз дээ. Буруу юм хийгээгүй хүн уучлалт
гуйдаггүй. Гэтэл буруутны өмнөөс Ардчилсан намын дарга уучлалт гуйгаад
явж байгаа нь буруу биз дээ. Авлигатай тэмцэх сонирхол хамтарсан Засгийн
газарт алга. Тэгэхээр стандарт бус Засгийн газар стандарт байсан нь
дээр биш үү.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж