Афганистаны ирээдүйн төлөө ажиллахуй

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Афганистаны ирээдүйн төлөө ажиллахуй

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жонатан Эдлтон өнгөрсөн бямба гаригт Афганистанд болсон сонгуулийн талаар нийтлэл бичиж ирүүлжээ.

Өнгөрөгч бямба гаригт Афганистанд болсон  сонгууль нь тус улсыг олон улсын нийгэмлэгийн хүчтэй, бие даасан  нэг гишүүн болгоход туслах гэсэн  Монгол, АНУ зэрэг олон орны хүчин чармайлтын түүхэнд нэгэн чухал үе шат болж байна. 2001 онд Талибуудын дэглэм унаснаас хойш өнгөрсөн жил болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ нь Афганчууд өөрсдөө бие даан зохион байгуулсан парламентын анхны сонгууль боллоо. Зөрчилдөөн дунд амьдарч буй үндэстний хувьд санал хураах байранд очих нь ихээхэн бэрхшээлтэйг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ  Афганы Үндэсний Аюулгүй Байдлыг  Хамгаалах Хүчний сүүлийн үеийн үйл ажиллагаа, Афганистан болон олон улсын хүчний хоорондох нягт хамтын ажиллагаа нь  итгэл төрүүлэхүйц байна. Тогтмол хуваарийн дагуу явагдах сонгууль нь олон нийтийн үзэл бодлын  илэрхийлэл болж, сонгогдсон парламентад   тухайн улсын улс төрийн томоохон намуудын төлөөллийг тусгах чухал арга хэрэгсэл болохыг   сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улс батлан харуулж байна.

Өмнө нь хэзээ ч байгаагүйгээр эмэгтэйчүүд улс төрийн үйл явцад оролцох болсон нь Афганистаны хувьд сүүлийн жилүүдэд  гарч буй нэг нааштай өөрчлөлт юм. Афганистанд амжилттай хэрэгжиж байгаа хөгжлийн хөтөлбөрүүд  мөн л эмэгтэйчүүд рүү чиглэж байна. Жишээлбэл, өмнөхөөс илүү олон тооны эмэгтэйчүүд сургуульд сурч байна.  Түүнээс гаднасүүлийн жилүүдэд эрүүл мэндийн даатгал болон эрүүл мэндийн үзүүлэлтүүд мэдэгдэхүйц сайжирсан билээ.

 Ямар ч улс орон “төгс” сонгууль хийсэн хэмээн сайрхаж чадахгүй байх. Гэхдээ л хүчирхийлэлийг үл харгалзан амралтын өдөр саналаа өгч байгаа нь Афганистан төлөөллийн засгийн газраа сайжруулж, түүнийг илүү үр дүнтэй болгох гэсэн эрмэлзэлтэй байгаагийн  илрэл болж байна. Сонгууль нь хариуцлагатай байх чадварыг дээшлүүлж, Афганистаны жирийн иргэд болон төв засгийн газрын хоорондох  хэлхээ холбоог сайжруулах байх гэж найдаж байна.

Энэ сонгуульд түшиглэн Афганистан нэгэнт эхлүүлсэн өөрчлөлтийн үйл явцаа цаашид үргэлжлүүлэхийн тулд хийх зүйл маш их байна. Үүнийг хийх явцад олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэг өмнөхийн адил чухал хэвээр байх болно. Иймээс ч сайн сайхан ирээдүйг цогцлоохын төлөө эрэлхийлж буй Афганистаныг дэмжин, бусад орнуудтай хамтран тусалж буй Монгол Улсад АНУ-ын зүгээс нэн талархалтай байдаг билээ.  .

Монгол цэргүүд   төрийнхөө далбааны улаан, цэнхэр өнгөт дэвсгэр дээр Монгол Улсынхаа сүр жавхааг илтгэсэн сүлд тэмдэгт мөрдөс бүхий  дүрэмт хувцсыг өмсөн, бахархалтайгаар Эггэрс баазыг хамгаалж байгааг Кабулд саяхан очсон төлөөлөгчид  баталж байсан юм.  Афганистаны хойд хэсэг болох Файзабадад мөн Монголын цэрэг дайчид алба хааж байгаа.Түүнчлэн, Монгол мэргэжилтнүүд бусад орны  мэргэжил нэгт нөхдийн хамт Афганистаны цэрэг армийнханд сургалт явуулж, тэдний  чадавхыг бэхжүүлж,  нэмэгдүүлэхэд тусалж байгаа билээ.  Афганистанд Монголын цэрэг дайчид алба хааж байгаа нь олон улсын тогтвортой байдлыг дэмжиж, бусдын сайн сайхан ирээдүйн төлөө Монгол Улс хувь нэмрээ оруулж байгаагийн  бодит баталгаа юм.

Гэхдээ энэ нь Монголын тусламж үзүүлж буй цорын ганц салбар биш юм.  Афганистаны төв хэсгийн уулархаг нутгаар оршин суудаг, өөрсдийгөө Чингис хааны цэргүүдийн үр удам гэж үздэг Афганистаны үндэсний цөөнх болох Хазара үндэстний хэдэн оюутан  энэ намар Монголын их, дээд сургуулиуудад суралцахаар элсэн ороод байгаа билээ.  
    
Эцэст нь, 20 жилийн түүхтэй Монголын ардчилалын жишиг нь бүс нутгаасаа хальж,  бусад улс орнуудад үлгэр жишээ болж байгаа билээ. Ялангуяа Төв Азийн хувьд парламентын засаглалын замаар замнаж буй далайд гарцгүй томоохон орон болох Монгол Улсын туршлага тод томруун харагдаж, Афганистаны зорин эрмэлзэж буй сайн сайхан ирээдүй рүү чиглүүлэн зааж байна.         

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж