Төр уурхайгаас татвараа авч, дампууруулна биз

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Төр уурхайгаас татвараа авч, дампууруулна биз

УИХ-ын Хаврын чуулганаар Агаарын тухай хууль, мөн Агаарын бохирдлын тухай хуулийг шинэчлэн баталсан билээ. Агаарын бохирдлын тухай хуулийг баталснаар нүүрсний уурхайнууд нэг кг нүүрс тутамдаа 1-2 төгрөгийн татварыг улсад төлөх болж байгаа юм. Эл татвар нүүрсний уурхайнуудад хэрхэн нөлөөлөх талаар Монгол нүүрс ассиоцацийн гүйцэтгэх захирал Т.Нарангаас тодрууллаа.

-Агаарын төлбөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр нүүрсний уурхайнууд төлбөр төлөх болж байгаа. Ингэвэл уурхайнууд нүрснийхээ үнийг нэмэх үү, танай ассиоциаци үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Нүүрсний үнийг чөлөөлөөгүй байж, уурхайнуудаас агаар бохирдуулсны төлбөр авна гэж хуульчилсан нь угаасаа буруу. Нүүрсний уурхайнууд алдагдалтай ажиллан яая даа гэж байхад шүү. Тэгж л татвар авах дур нь хөдлөөд байгаа юм бол эхлээд нүүрсний үнээ чөлөөлөөд энэ хэдэн уурхайг хөл дээр нь босгосны дараа авах хэрэгтэй шүү дээ. Өчнөөн жилийн өмнөөс бид “Нүүрсний үнийг чөлөөлөөд өгөөч ээ” гэж төрөөс хүссэн. Цахилгаан, дулааны үнэ өсчихнө гэж хулмалзсаар өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй. Тэгсэн байтлаа өөр төрлийн татвар бий болгож, улам дарамт бий болгож байна. Саяхан нүүрс олборлогчид уулзсан, нүүрсний үнэ чөлөөлж өгөөгүйгээс бөөн өр ширтэй, зовлон тоочиж байна. Дулааны цахилгаан станцуудаас авах авлага нэлээд байдаг, нөгөөдүүл нь өгч дийлдэггүй. Гэтэл засвар үйлчилгээ хийж, өвлийнхөө бэлтгэлийг хангах хэрэгтэй байдаг. Хэцүү байна шүү дээ.

-Тэгэхээр татвар авч эхэллээ гэхэд нүүрсний уурхайнууд бүгдээрээ төлөх чадвар байхгүй гэсэн үг үү?

-Тэгэлгүй яадаг юм. Төр эхлээд өөрийн мэдлийн Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайгаасаа татвар авдаг юм байгаа биз, тэгээд дампууруулна л биз.

-Татвар авч эхлэнгүүт дампуурна гэхээр хэтэрхий сүржин юм биш үү. Өгөхгүйн тулд гэдийж байгаа юм шиг санагдлаа?

-Хэрвээ төр нүүрсний уурхайгаас агаар бохирдуулсны төлбөр авах гэж байгаа бол чадваржуулах хэрэгтэй. Уурхайнууд эдийн засгийн чадавхитай болж байж гэмээнэ түүхий нүүрсээ олборлох боломжтой болж, түүнийгээ хортой, хоргүйгээр нь ялгаж авна. Одоо бол хүчин чадлаа нэмэгдүүлэх, шинэ техник технологи худалдан авах, түүнийгээ нэвтрүүлэх бололцоо огт байхгүй байна шүү дээ. Тэгээд ч энэ хуульд олон зүйл тодорхойгүй байгаа. Хараахан хэрэгжиж эхлээгүй байгаа болохоор бид харзнаж л сууна. Жишээ нь татварыг ямар байдлаар нүүрсний уурхайнуудаас төвлөрүүлэх юм гэдэг нь тодорхойгүй байх жишээтэй. Орлого, ашгийн татвар шиг хураах юм уу үгүй юм уу бүү мэд.  Дээр нь бүх уурхайгаас агаар бохирдуулсны төлбөр авна гэж үзвэл цаагуураа түлш эрчим хүчний аюулгүй ажиллагааг алдагдуулахад хүрэх аюул дагуулна. Яагаад гэвэл түүхий нүүрсийг Дулааны цахилгаан станцуудаас эхлээд айл өрх, албан байгууллага тэр аяараа хэрэглэж байна. Мөн эрчим хүчний хэрэглээ жил ирэх тутам өсч байна. Тэр хэрээр түүхий нүүрсний хэрэглээ нэмэгдэж байгаа гэсэн үг шүү дээ. Жилдээ 200-300 тонноор хэрэглээ нэмэгдэж байгаа гэсэн судалгаа байдаг. Үүнийгээ Монгол Улс юугаар хангадаг билээ, түүхий нүүрс түлж л хангадаг.  Ямар  атомын цахилгаан станц энээ тэрээ нь байгуулагдсан байгаа биш.

-Тэгвэл нүүрсний үнийг чөлөөлбөл үнэ хэдэн хувиар өсөх вэ?

-2010 оны байдлаар Багануурын нүүрсний уурхай нэг тонн нүүрсийг 16200 төгрөгөөр үнэлэн дулааны цахилгаан станцуудад нийлүүлж байгаа. Шивээ овоогийн уурхай 11500 төгрөгөөр нийлүүлдэг. Хэрвээ нүүрсний үнийг чөлөөлөх юм бол Багануур 20000, Шивээ овоо 14000 төгрөгөөр борлуулах боломжтой. Ингэснээр ямар ч байсан эхний ээлжинд алдагдалгүй ажиллаад балансаа барина.

-Нүүрсний уурхайнууд жилдээ хэдэн сая тонн нүүрс олборлож байгаа вэ?

-Уурхай бүр өөр өөр, хүчин чадлаасаа хамаараад. Улаанбаатар хот дахь Дулааны цахилгаан станцуудын хувьд жилдээ долоон сая гаруй тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн тоо бий. Тэгэхээр үнэхээр агаарын бохирдлыг бууруулахад эдийн засгийн хөшүүрэг хэрэглэе гэж бодож байгаа бол нүүрсний үнийг чөлөөлөх хэрэгтэй.  Социалист арга барилыг бидэнд тулгачихаад нөгөө талдаа зах зээлийн аргаар явна гэж татвараар дарамтлах нь нүүрсний уурхайнуудыг дампууруулж, унагана л гэсэн үг.

-Гадаад орнууд түүхий нүүрс олборлогчдоос татвар авдаг. Тэр аргад бид шилжих цаг болсон гээд байгаа шүү дээ?

-Тэр гадаад орнууд чинь нүүрсний үнээ чөлөөлчихсөн байдаг юм. Нэг зүйлийг хэлье, Агаар  бохирдуулсны төлбөр авна гэдэг нь үндсэндээ эрх баригчид өөрсдийгөө л хуурсан юм хийж, ард түмэндээ агаарын бохирдолтой тэмцэж байгаа юм шиг дүр үзүүлж буй хэрэг шүү дээ. Үүнээс ямар ч үр дүн гарахгүй.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж