Автомашин эзэмшигч агаарын төлбөр төлнө

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Автомашин эзэмшигч агаарын төлбөр төлнө

УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар шинэчлэн батлагдсан Агаарын тухай хууль, мөн шинээр батлагдаад байгаа Агаарын бохирдлын төлбөрийн хуулийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тогтвортой хөгжил, стратеги төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Ж.Соёмбоос тодрууллаа.

-Агаарын болон агаарын бохирдлын төлбөрийн хуулиуд батлагдсан. Хууль гарсны дараа дагалдах тогтоол, журмууд гардаг. Энэ тогтоол, журмууд нь гарсан уу? Хууль хэзээнээс хэрэгжих вэ?

Дээрх хуулиудыг дагалдаж 10 журам гарах ёстой. Эдгээрийн гурвыг боловсруулан хэлэлцүүлэх шатандаа явж байна. Бусдыг бид аль болох хурдан хугацаанд боловсруулан гаргахыг хичээж байгаа. Журам батлагдаад хэрэгжүүлэгч байгууллагад очсоны дараа хуулийн хэрэгжилт эхлэх ёстой.

-Энэ хуулийн өмнөх хуулиас  ялгагдах гол онцлог нь юу юм бэ?

-Агаарын чанарын бүс тогтоож өгсөн нь урьд өмнө огт байгаагүй онцлог зүйл. Мөн агаарыг гол бохирдуулагч нараас төлбөр авья гэдгийг хуульчилсан. Үүнд түүхий нүүрс олборлогч нар, органик уусгагчийг үйлдвэрлэгч болон импортлогч, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл  эзэмшигч, агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл эзэмшигч, агаарын бохирдол гаргах эх үүсвэр хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага зэргээс төлбөр авахаар болсон. Эдгээрээс авах төлбөрийг Цэвэр агаарын сан гэж сан байгуулаад тэнд төвлөрүүлэх юм.

-Агаарын чанарын бүс гэдэг нь юу  юм бэ?
 
-Тодорхой бүсийг цэвэр агаарын бүс болгохыг хуульчилж өгсөн. Одоо яригдаад байгаа гурван дүүргийн 12 хороог түүхий нүүрс түлэхийг хорилоо. Энэ бол цэвэр агаарын бүс хэсэгчлэн бий болгох нэг шийдвэр гэж ойлгож болно.

-Тэр сан нь ямар зорилго, үйл ажиллагаа явуулах юм?

-Агаарыг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулахад чиглэ­сэн тех­ник, технологи нэвтрүүлэх, цэвэр түлш, зуух  үйлдвэрлэгчдийг дэмжих гэх мэт үйл ажиллагааг санхүүж­лүүлэхэд бохирдлын төл­бөр болон бусад эх үүс­вэрээс бүрдсэн сангаас санхүү­жүү­лэхээр байгуулсан юм.

-Агаар бохирдуулагчдын бохирдлын хэмжээ, төлбө­рийг яаж тогтоох вэ?

-Түүхий нүүрс олборлогчдыг килограммаар, органик уусгагч үйлдвэрлэгч, импортлогчдыг мөн килограммаар, автотээв­рийн хэрэгслийнхийг нэгж километр зайд явахад ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээг граммаар, агаарын бохирдлын томоохон эх үүсвэрээс агаарт гаргах хаягдлыг килограммаар гэх мэт тооцно. Төлбөрийн тухайд түүхий нүүрсний хувь хэмжээг килограмм тутамд 1-2 төгрөгийн хязгаарт багтаан, органик уусгагчийг килограмм тутамд 10-30 төгрөгт багтаан Засгийн газар тогтооно. Тээв­рийн хэрэгслээс ялгарах нүүрс­хүч­лийн хийн төлбөрийг ангил­лаас хамааран хувь хэм­жээг тогтооно. Энэ нь ямар анги­лалд багтаж буй машинаас хамааран 1000-9000 төгрөгийг жилд нэг удаа төлөхөөр тооцоо гарч байгаа.

-Жил болгон л өвөл ойртоод ирэхээр агаарын бохирдол, утаа хэцүүдлээ гэж ярьдаг. Хууль өөрчлөгд­лөө гээд энэ жил ямар нэг өөрчлөлт гарах уу?

-Одоогоор яг ийм тийм өөрчлөлт гарна гээд хэлчих боломж байхгүй.

Ц.Мөнхбат: Үнийн зөрүүг Цэвэр агаарын сангаас олгоно

Байгаль орчин, аялал жуулч­лалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн
газ­рын мэргэжилтэн Ц.Мөнх­баттай уулзлаа.

-Шинэ хуулиудыг мөрдөж эхэлснээр агаарын бохир­дол тэдэн хувиаар буурна ч гэдэг юм уу нэг тоо баримт хэлж болох уу?

-Агаарын бохирдлыг тэдэн хувиар бууруулна гэсэн юм байдаггүй. Яагаад гэхээр агаар гэдэг чинь хэмжиж болдоггүй зүйл. Харин түүхий нүүрсний хэрэглээг тэдэн хувиар буурууллаа ч гэдэг юм уу ярьж болно. Тэгээд ч агаарыг чинь цэвэршүүлдэг ганц зүйл нь байгаль өөрөө шүү дээ. Тавдугаар сараас аравдугаар сар хүртэл дулааны улиралд бид нүүрсээ түлэхгүй, утаагаа үйлдвэрлэхгүй агаар цэвэршиж байна. Улаанбаатар хотод 165 мянган айл өрх жилдээ 600 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Бид энэ жил 12 хорооны 25 мянган айл өрхөд нүүрс орлуулагчийг хэрэглэснээр  6000 тонн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлана гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ жил түүхий нүүрсний хэрэглээг нэг хувиар багасгана. Энэ нь агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулж байна л гэсэн үг. Яг тэдэн хувь буурч байна гэж хэлэх ямар ч боломж байхгүй. Энэ мэтээр цаашдаа аль болох түүхий нүүрсний хэрэглээг багасгах болно.

-Гурван дүүргийн 12 хороонд түүхий нүүрс түлүүлэхгүй гэсэн Нийс­лэлийн засаг даргын захирамж гарсан. Нүүрс­ний оронд юу түлэх вэ, тэр нүүрс орлуулагч нь халахгүй, нүүрснээс өндөр үнэтэй байвал яах вэ? Тийм биш бол нүүрс орлуулагчийг яагаад айл болгон түлдэггүй юм бэ?

-Түлдэггүй биш шүү дээ, түлж л байгаа. Харин түүхий нүүрс орлуулагч бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүд нь дэндүү цөөхөн учраас л  энэ олон айл өрхүүдийн түлж буй түлшний хаана нь ч хүрэхгүй байгаа юм.  Үртсэн түлш, хагас шахмал, өндгөн шахмал, гал өдөөгч гэх мэт түлшүүд байгаа. Халахгүй ч юм уу, үнэ өндөртэй зүйл байхгүй. Бүгд туршигдаад хэрэглэх стандартад нийцсэн. Үнэ өртгийн хувьд аль болох нүүрснээс бага үнэтэй байлгах бодлого барьж байгаа. Нэг шуудай нүүрс 1000 төгрөг, нэг шуудай шахмал түлш 1200 төгрөг байлаа гэхэд шахмал түлшийг нүүрстэй адил 1000 төгрөгөөр л зарна. Зөрүү 200 төгрөгийг Цэвэр агаарын сангаас үйлдвэрлэгчид өгөх гэх мэтээр шийдвэрлэнэ. Ер нь утаа багатай түлш үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжиж байгаа.  Коксж­сан нүүрс гаргасан үйлд­вэ­рийг агаарын төлбөрөөс чөлөөл­нө гэх мэт. Ингэж дэмж­сэнээр түүхий нүүрс орлуулагч бүтээгдэхүүн үйлд­вэр­лэгчид жи­лээс жилд нэмэг­дэнэ. Түүний хэмжээгээр түүхий нүүрсний хэрэглээ ч багасна. Энэ хэрээр агаарын бохирдол буурна гэж үзэж байгаа.

Д.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж