Тавантолгойн тулаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Тавантолгойн тулаан эхэллээ

Тавантолгойн орд газарт олборлолт хийх ком­па­ниудын эхний саналыг өнөөдөр хүлээн авна. Сана­лаа ирүүл­сэн компаниудаас эх­ний шалгаруулалтад тэнцсэн эсэ­­хийг есдүгээр сарын 24-нд мэдээлж, шалгарсан ком­паниудад дараагийн сонгон шалгаруулалт оролцох урилгыг хүргүүлэх ёстой юм. Өнөөдрийн 16 .00 цагт санал хүлээн авах хугацаа дуусгавар болох учраас ямар компани саналаа ирүүлсэн нь одоогоор тодорхойгүй байна. Ямартаа ч тендерт ирүүлсэн компани бүр эргэн төлөгдөхгүйгээр 8000 ам.доллар тушаах ёстой. Мөн уул, уурхайн салбарт ажилласан туршлагатай, олон улсад болон орон нутагтаа нэр хүндтэй компаниуд байх ёстой бөгөөд сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлангаа ирүүлэх ёстой гэх мэт нөхцөлүүд заасан байгаа.

Дэлхийн анхаарлыг татаж, га­даад дотоодын компаниуд хүчтэй өрсөлдөх байх гэсэн хүлээлт нэгэнт үүссэн Тавантолгойн ордын хувьд гадаад, дотоодын олон компани “тулалдана”. Ямартай ч анх Тавантолгойн ордыг яриа гарч эхлэхэд л саналаа ирүүлсэн байсан 11 консорциум саналаа ирүүлсэн байх ёстой.

Мөн үндэсний компаниудаа дэмжихийн тулд монгол+гадаад гэсэн байдлаар консорциум болон оролцох чиглэлийг хангавал сайн гэгдэж байсан ч тендерийн нөхцөлд энэ талаар ямар нэгэн нөхцөл заагаагүй байгаа аж. Анхнаасаа яригдсан гэх 11 консорциумын хувьд зарим нь “хөдөлгөөнд орсон” мэдээлэл байгаа. Тухайлбал, “Северсталь” өөрсдийн консорциумаас гарч байгаагаа бараг жил гаруйн өмнө мэдэгдсэн бол  саяхан Японы “Мицуй”, Хятадын төрийн өмчит “Шинхуа”-тай хамтран Тавантолгойн олборлолтын шалгаруулалтад оролцоно гэсэн Японы өдөр тутмын “Никкей бизнес” мэдээлэл гарсан юм.

Дашрамд сануулахад, өмнө нь:

-Бразилийн “Вале”, Энэтхэгийн “Жиндал Стилэнд Пауэр”, БНСУ-ын 11 компаниас бүрдсэн консерциум,

-ОХУ-ын хоёр компанийн консер­циум ”Базовый элемент”, “Реново” уг нь гурван компани хамтарна хэмээж байсан боловч өнгөрсөн жил “Северстал” нэрээ татсан,

-АНУ-ын “Пибоди Энержи” болон БНХАУ-ын “Шинхуа Энержи” компанийн хамтарсан консерциум,

-Япон Улсын “Мицуи энд Ко” компани, мөн улсын “Иточу“ корпорациар ахлуулсан “Сожиц”, “Марубени”, “Сумитомо” компа­нийн консерциум,

-Швейцари-Австралийн “Экст­рата” компани,

-ОХУ-ын “Оросын төмөр зам” нийгэмлэг,

-БНХАУ-ын “Эрдос Чинглон Коул” групп тендерт оролцоно гэдгээ мэдэгдэж байсан.

Үүнийг тухайн үед буюу жил гаруйн өмнө зарим эх сурвалж тендерийн эхний шатны шалгаруулалт тэнцсэн оролцогчид гэж томъёолж байсан ч дараа нь манай Засгийн газрын “чиг шугам” дахиад л өөрчлөгдөж одоо санал авч байгаа сонгон шалгаруулалтыг эхний шатны гэж нэрлэж байгаа. Өмнө нь шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн тэд энэ удаад ч мөн саналаа ирүүлсэн байх. Мөн дээр ганц нэг жишээ татсанаас гадна “нэгдэл”-үүдэд ямар өөрчлөлт орсон байж одоогоор зарлаагүй байна.

Мөн үүн дээр бусад оролцогч нэмэгдсэн байх. Тухайлбал, Тавантолгойн орд газрыг монголчууд өөрсдөө олборлох ёстой гэсэн уриа дэвшүүлсэн “Монгол 999 үндэсний нэгдэл”-ийнхэн тендерт саналаа өгөөд байгаа гэсэн. Гэхдээ дээр дурдсан сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлангаа ирүүлнэ гэсэн заалтыг хэрхэх юм бол? Байгуулагдаад хагас жил ч болоогүй нэгдэл учраас.  Бас Монголын том гэгддэг компаниуд нэгдэх, эсвэл нэг нэгээрээ гадны компаниудтай нэгдэх байх гэсэн хувилбарууд яригдаж байсан юм. Ямартаа ч анхны сонгон шалгаруулалтад “хэн хэн” оролцсон болон эхний шатыг давсан талаарх мэдээлэл энэ долоо хоногт багтан буюу есдүгээр сарын 24 гэхэд тодорхой болох буй за.

Харин өчигдөр буюу есдүгээр сарын 20-нд “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах шалгаруулалтын хугацаа дууссан. Санал авах хугацаа энэ өдрийн 12.00 цагаар тасалбар болсон бөгөөд 17.30 цагт саналын хайрцгийг нээхээр товлосон. “Эрдэнэс Тавантолгой” компани нь стратегийн орд газруудыг бүхэлд нь хариуцаж байгаа “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани. Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт уул уурхайн салбарт 15 жилээс доошгүй, олон улсад танигдсан компанид ажилласан байх гэх мэт нөхцөл заасан нь гадаадын хүмүүст илүү боломжтой хувилбар буюу гэсэн таамаглал төрүүлээд амжсан. Өчигдөр 19.00 цагт авсан мэдээллээр шалгаруулалтад 10 гаруй оролцогч саналаа ирүүлсэн гэж байлаа. Одоо үнэлгээний ажил хийж, ирүүлсэн материалтай танилцан, саналаа өгсөн хүмүүстэй уулзаж ярилцана. Гадаад, дотоодод байгаа хүмүүсийн урьж уулзахаас эхлээд нэлээд ажил, хугацаа шаардлагатай учир, дүн ирэх аравдугаар сард гарах бололтой. Дээр өгүүлснээр гадаадын хүмүүс оролцох илүү магадлалтай гэгдэж байсан бол Монголоос бас гадаадаас тэнцүүхэн тооны хүн саналаа ирүүлсэн гэж байлаа. 

Мөн дашрамд сонирхуулахад “Эрдэнэс МГЛ” Тавантолгойд олборлолт, хөрс хуулалтаа хийж эхэлсэн гэсэн мэдээлэл гарч байсан. Үүнд Тавантолгойн гэх таван тусгай лицензэт талбайд тус тусад нь буюу “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Тавантолгой” компаниуд болон гадаад, дотоод оператор компаниуд олборлолтыг хийхээр төлөвлөөд байгаа юм уу гэсэн таамгийг төрүүлсэн. Харин үүнийг “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Энэбиш “Зөвхөн олборлолтын өмнөх бэлтгэл ажлыг хангах, хөрс хуулалт, камп байгуулах зэргийг хийж байгаа. Оператор компанийг шалгаруулах ажилд тодорхой цаг хугацаа хэрэгтэй учир, өвөл болохоос өмнө урьтаж, хөрс хуулах ажлыг эхлүүлээд байгаа” гэж тайлбарлалаа.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж