Супер гүрнүүдийн сөргөлдөх талбар-1

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Супер гүрнүүдийн сөргөлдөх талбар-1

-Геометрийн ухаанд хэрчмүүд хэдий чинээ огтлолцоно төдий чинээ хүнд томьёолол гардаг бол геополитикт ч мөн ижил хуультай. Хэдийчинээ ашиг сонирхлын шугам огтлолцоно төдий хэмжээгээр зөрчил үүсч байдаг аж. Даяаршлыг магтан дуулсан сүүлийн хориод жилийн дэврүүн мөрөөдлийг хоёрхон жилийн өмнөөс нэрвэсэн санхүүгийн хямрал нэгмөсөн царцааж байгаа бололтой байна. Хамтын ажиллагааны олон сайн эхлэлийг тавьж байсан дэлхийн хүчирхэг гүрнүүд өдгөө ашиг сонирхлын давхцал дээр өөр өөрийн байр суурийг хатуу хамгаалж, огтхон ч найр тавихгүй гэдгээ илэрхийлж эхэллээ. Тэдний зөрөлдөөний цэг нь мэдээж нөгөө л ашигт малтмалын нөөц ажээ-

Хэрэв дэлхийд эдийн засгийн үзүүлэлтээрээ хоёр ба гуравдугаар байрт орж байгаа Азийн хоёр хүчирхэг орны дунд өнгөрсөн зууны дайн, байлдаанаа эргэн санатлаа харилцаа нь хурцдах юм гэж мэдсэн бол Хятадын загас агнуурын жижгэвтэр онгоцны ахмад жолооны хүрдээ арай өөрөөр залах байсан ч байж болох. Гэхдээ тийм юм болсонгүй, харин ч хятадын онгоцны ахмадыг баривчлан хорьсны дээр түүнийг Японы хууль дүрмээр шүүн байцаахаар болж, хорих хугацааг нь арав хоногоор сунгасан нь Хятад, Япон хоёрын хооронд томоохон сөргөөлдөөнийг дэгдээж амжив. Өнгөц харахад хятад загасчдын онгоцыг японы харуулын онгоц албадан зогсоосноос бүх зүйл болсон гэж бодоцгоож байтал ер нь энэ үйл явдал санаандгүй ч болчихоогүй юм биш үү гэх мэдээлэл гарч эхэлжээ.

Учир нь дээрхи хэрэг явдал болсон Зүүн Хятадын тэнгис дэх аралтай холбоотой нэгэн чухал асуудлыг Япон Хятад хоёр энэ есдүгээр сард эцэслэн шийдвэрлэхээр хүлээж байсан ажээ. Ямар асуудал вэ гэвэл хятадаар Дайжоу, японоор Санкэку хэмээн нэрлэгдэх энэ арал доор байгаа байгалийн болон нефтийн багагүй нөөцийг хоёр улс хамтран эзэмших асуудал байлаа. Уг нь энэ талаар хоёр орон 2008 оноос хойш харилцан ярилцаж ирсэн бөгөөд өнгөрөгч долдугаар сард хамтын ажиллагааны гэрээг байгуулахаар болсон байв. Гэвч Хятадын тал энэ есдүгээр сар хүртэл хойшлуулсан юм байна. Ингээд харвал загасчны “завь” дээрхи хэлэлцээрийг  ахин хойшлуулахад хүргэж байгаа нь санаандгүй тохиолдол мөн үү гэсэн асуултыг өдөөж байгаа гэнэ. “Завь” ч яахав, хил хязгаарын маргаанд хүргэсэн байдаг байж. Харин цаашаагаа бол арлын доорхи баялагт хэн нь, хэрхэн эзэн суух вэ гэдэг маргаан жинхэнэ асуудал болж байна.

Хэрүүлийн алим буюу эрдэнэ нуусан арал

Маргаан тарьж байгаа тус арал чухам ямар эрдэнэс нуусныг одоо сонирхоё. Хэмжээгээрээ Иракийн газар нутгийн талтай тэнцэх хэмжээний буюу 81 мянган ам.км талбай бүхий энэ арлын доор болон түүний ойр орчим дахь 970 ам.км талбай бүхий  усан мандлын доор нийтдээ футээр хэмжвэл 17.5 триллион шоо буюу 6 орчим трилион шоо метр хэмжээтэй байгалийн хий байгаа гэнэ. Мөн 20 сая орчим баррель нефть байна гэсэн мэдээллийг Хятадын тал тооцоолон гаргасан байгаа юм. Хэрэв хятадуудын гаргасан тооцоо үнэн зөв бол энэ нь Хятадын одоо эзэмшиж байгаа байгалийн хийн нөөцийн 20 хувьтай тэнцэхээр их нөөц байна гэсэн үг. Хэдийгээр хоёр орны хооронд эзэмшлийн бүсийн маргаан байгаа ч хятадууд хэдийнээ байгалийн хийн ордуудыг тогтоон ашиглаад эхэлжээ. Тэд байгалийн хийн 6 ордыг тогтоон нэр өгч амжаад байгаа бөгөөд тэдгээрийн нийт нөөц нь 364 тэрбум фут буюу 130 орчим тэрбум шоо метр болж байгаа гэнэ.  Тэдгээрийн хамгийн том нь болох Чуньсяо ордын нөөц нь дангаараа дээрхи зургаан ордын нөөцийг нийлүүлсэн хэмжээний талтай тэнцэхээр буюу 169 тэрбум шоо фут нөөцтэй байгаа юм. Байгалийн хийн энэ их нөөц эрчим хүчний хангамж нь үндсэндээ нүүрснээс хамааралтай болчихоод байгаа Хятадын хувьд маш чухал зүйл болж байгаа нь ойлгомжтой. Энэ байгалийн хийг эзэмшсэнээр хятадууд өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэлээ эрчим хүчээр найдвартай хангах, мөн байгальд хор багатай эрчим хүчний эх үүсвэртэй болох хоёр том боломжийг хүлээж байгаа гэнэ.

Одоогоор Хятадын тал өөрсдийн нээсэн ордуудаасаа байгалийн хий олборлож байгаа бөгөөд 2008 онд Тяньвэйтяан хэмээх ордоосоо өдөрт 4 сая шоо фут байгалийн хийг олборлож эх газар луу дамжуулсаар ирсэн мэдээтэй байна. Тэгвэл арлыг хуваасан бүсийн хил хязгаараас баруун тийш ердөө 5 км зайтай байгаа Чуньсяо орд газраас олборлох байгалийн хийг дээрхи ордтой холбосон дамжуулах хоолойтой залгаж эх газар луугаа татахаар болж байгаа юм байна. Хамгийн чухал асуудал нь Хятадын талын олборлолт хийгдэж байгаа ордуудын байгалийн хийн судал арлыг хуваасан хил хязгаарын бүсийн хаанаас нь гарч байгааг тогтоох боломж одоогоор алга байна. Үүний тулд илүү хайгуул судалгаа шаардагдаж байгаа ажээ.

Ийм болохоор арлын орчим дахь байгалийн хийг эзэмших тал дээр Хятадын тал санаачилгыг гартаа аваад байгаа нь япончуудад огт таалагдахгүй байгааг нь ойлгож болохоор. Мөн япончууд Хятадын талыг харилцан тохирсон гэрээгээ зөрчиж маргаантай бүсэд өрөмдлөг хийж байгалийн хийг олборлож байна гэж буруутгасаар байгаа билээ. Япончууд цаашид байдал энэ хэвээр явбал хариу арга хэмжээ авахаа ч зарлаад байна. Уржигдар Японы хөрөнгийн биржийн өдөр тутмын бизнес мэдээллийн сонинд гарснаар бол хэрэв Хятад улс орд газрын хайгуул, өрөмдлөгийн ажил болон байгалийн хийн олборлолтоо цаашид өргөжүүлсээр байх бол Япон улс маргаантай бүсийн ойролцоох байгалийн хийн ордуудад өрөмдлөгөө эхлүүлж магадгүй хэмээн зарлажээ.

Мэдээж Японы хувьд ч маргаантай арлын доорхи эрчим хүчний нөөц нь чухал  ач холбогдолтой. Тус орон эрчим хүчний нөөц гэхээр зүйл бараг байхгүй бөгөөд импортоос хамаарах эрчим хүчний хангамжаа аль болох чөлөөлөх сонирхол үлэмж их байгаа нь тодорхой юм. Харин тодорхойгүй асуудал гэвэл бас л цөөнгүй үлдэж байна.

Харилцааны хагарал- цаашдын цуурал

Тухайлбал,  Хятадын Гадаад хэргийн сайд ойрмогхон мэдэгдэл хийж тус улс Японтай яамдын сайд нар болон орон нутгийн удирдлагуудын хүрээн дэх харилцаагаа түр зогсоосноо мэдэгджээ. Ингэснээр ойрын хугацаанд Хятад болон Японы хооронд хийгдэх ёстой байсан агаарын нислэгийн асуудлууд болон нүүрс олборлолтын салбарт хамтран ажиллах асуудлаар хийх уулзалтууд нь хойшилж байгаа юм. Ингээд ч зогсохгүй ядууралтай тэмцэх асуудлыг хэлэлцэхээр энэ долоо хоногт Нью Йорк хотод эхлэх НҮБ-ын ээлжит Чуулганд дээрхи хоёр орны хамтын ажиллагааны уялдааг ярих үед бэрхшээл үүсч болзошгүй болжээ. Хэдийгээр хоёр орны засгийн газрын тэргүүн нар болох Вэнь Зябао, Наото Кан  нар энэ Чуулганд оролцох боловч тэдний харилцаа ямар байхыг урьдаас таахад амаргүй болж байна.  Мөн ирэх 11-р сард Японы Йокогама хотод болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны Форумын энэ жилийн уулзалтад Хятадын ерөнхийлөгч Ху Жиньтао оролцох үеэр хоёр орны сөргөлдөөн хэрхэн илрэх нь ч тодорхойгүй юм. Магадгүй Хятадын тал оролцохгүй ч байж болзошгүй.  Мөн Азийн томоохон төлөөлөл болж байгаа энэ хоёр орны тэргүүн нар мөн л тухайн сард БНСУ-д болох “Их 20”-ийн уулзалтад нүүр тулах учиртай.

 Асуудлын гол нь дэлхий нийтийн хамтын ажиллагааны чухал асуудлыг хөндөх учиртай эдгээр уулзалтуудад тэдний харилцан ойлголцол нэн чухал ач холбогдолтой тул дэлхий нийтээр хоёр орны харилцааны явцыг анхааралтай ажиглаж байна. Зөвхөн бүс нутгийн эдийн засгийн тогтвортой байдлын оролцоогоор төдийгүй Солонгосын хойгийн асуудлыг шийдэхэд чухал үүрэгтэй гээд улстөрийн оролцооны хувьд ч энэ хоёр орны харилцан ойлголцол улам л үнэтэй болж байгаа билээ.

Даяаршсан асуудлын үнэ цэнэ болоод давамгайллаараа өрсөлдөж байгаа хүчирхэг орнуудын нэр төр хоёрын аль нь илүү чухал болохыг харж суух л үлдэж байх шив.  Япон Хятад хоёр улс зөвхөн эдийн засгийн хүч чадлаараа төдийгүй бас цэрэг дайны чадвар, хүчирхэг холбоотнуудын дэмжлэгээрээ ч зангараг өндөртэй гэдгийг энд дурдах нь илүүц болох болов уу, яадаг бол..Уг нь тийм л байгаасай.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж