Х.Цагаанбаатар: Мэдээ алдуулагч тариулаад дэвжээнд гарсан

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар: Мэдээ алдуулагч тариулаад дэвжээнд гарсан

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, жүдо бөхийн дэлхийн аваргын алт, хүрэл медальт Х.Цагаанбаатар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин боллоо. Өчигдөр түүнийг ШШГЕГ-ын удирдлага хүлээн авч, уулзан, “Сүлд” хорооны тамирчин болсныг албан ёсоор мэдэгдсэн юм. Мөн Х.Цагаанбаатарт хошууч цол олгов. Энэ үеэр ШШГЕГ-ын дарга Ц.Ганхүү хошууч цол Х.Цагаанбаатарын насанд ахдах боловч спортын салбарт гаргасан түүний амжилтын дэргэд багадах юм гэдгийг онцолж байв. Түүнчлэн ирэх намар ашиглалтанд орох ШШГЕГ-ын ажилчдад зориусан 120 айлын орон сууцнаас Х.Цагаанбаатарт 2-3 байр өгөхөө амласан юм.

Японы Токио хотноо хэдхэн хоногийн өмнө болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн Х.Цагаанбаатартай уулзаж ярилцлаа.

-Та харьяллаа сольж, “Сүлд” спорт хорооны тамирчин боллоо. Ингэснээр бэлтгэл сургуулилт, цаашдын амжилтад нөлөөлөх болов уу?

-Би харьяаллаа солилоо гээд нөлөөлөх зүйл байхгүй л дээ. Ерөнхийдөө бэлтгэл сайтай байсан. Дэлхийн аваргад явахаасаа өмнө “Сүлд” спорт хорооны тамирчин болох шийдвэр гаргачихсан байсан. Ямар ч байгууллагыг төлөөлж байсан хамаагүй, Монгол хүн, Монгол улсынхаа төлөөлөл болж байгаа гэдэг утгаараа миний амжилт, бэлтгэл сургуулилтад нөлөөлнө гэсэн зүйл байхгүй гэж бодож байна.

-Токиогийн дэлхийн аваргад шүүгчдийн шийдвэрээс болж, танд сөргөөр нөлөөлсөн тал байгаа шүү дээ. Энэ талаар та ямар бодолтой байна. Японы бөхтэй барилдсан барилдааны талаар ярьж байна л даа?

-Энэ тал дээр би өөрөө ч тактикийн алдаа гаргасан тал бий. Дэлхийн аварга цолоо хамгаалах бүрэн боломжтой байсан. Харамсалтай нь, Японы бөхтэй хийсэн барилдаанд анхнаасаа ялна гэсэн бүрэн дүүрэн итгэлтэй гарсан болохоор барилдааны эхнээс өрсөлдөгч бөхөө унагаах гэж ч юм уу, оноо авах гэж зүтгэж барилдаагүй. Харин сүүлд нь шүүгчид торгож, оноо хасна гэж тооцоолоогүй болохоор ялагдал хүлээлээ. Гэхдээ ямар ч байсан энэ алдаагаа залруулна даа. Тамирчин хүн гэдэг ялагдлаасаа суралцдаг болохоор дараа дараагийнхаа тэмцээнд иймэрхүү алдаагаа давтахгүй, шүүгчид итгэж найдалгүйгээр, ямар ч улс оронд болж байсан гэсэн шүүгчийг, үзэгчидтэй нь хамт ялах тийм сэтгэл зүрхтэй байх ёстой ёстой гэдгийг сая хамгийн сайн ойлгосон гэх үү дээ.

-Ер нь тэмцээний шүүлтийн талаар зохион байгуулагчдад гомдол гаргах тийм зүйл байдаггүй юм уу?

-Манай жүдогийн спортын дэг жаяг хатуу л даа. Яг дэвжээн дээр гурван шүүгч юу гэж шийдэж, ямар шийдвэр гаргасан байна, тэр нь хууль гэсэн үг. Нэгэнт шүүгчдийн шийдвэр гарсан бол ямар нэг гомдол гаргах, зарга хийх тийм боломж байдаггүй. Гурван шүүгчийн шийдвэр тухайн тамирчны ялалт, ялагдлыг тодорхойлдог. Ер нь саяны дэлхийн аваргаар зохион байгуулагч орон гэдэг утгаараа Японы жүдочдын талд шүүх тал ажиглагдаж байсан.

-Түрүүн та ярьж байсан л даа. Монголчуудын сайн хийдэг мэхийг хориглож, жүдо бөхийн дүрэмд өөрчлөлт оруулсан гээд?

-Тэгэлгүй яахав. 2008 оны Бээжингийн олимпод Н.Түвшинбаяр маань Японы домогт бөх Сүзүкиг давхар хамах буюу өмднөөс нь барьж унагаах мэхээр ялсан. Гэтэл түүнээс хойш өмднөөс барьж мэх хийхийг хорьсон. Харин тэрний дараа буюу 2009 онд намайг дэлхийн аварга болсны дараахан шууд босоо барилдаанаас хөл авах, манайхаар бол өмсөх, хонгодох мэхийг хориглосон байгаа. Манай тамирчдын голчлон хийдэг мэхийг ерөнхийдөө хориглосон гэх үү дээ. Монголын жүдочид нурууны бяр сайтай байдаг нь гадны тамирчдад их хүнд байдаг. Саяхан бас Германд болсон дэлхийн супер цомын тэмцээний дараа үндэсний бөхөд байдаг ууцаар тэвэрч, харцагадах мэхийг мөн л хориглочихсон. Олон улсын жүдо бөхийн холбооноос иймэрхүү байдлаар дүрмээ өөрчилж байгаа нь монголчуудын эсрэг л авч байгаа арга хэмжээ юм уу даа гэж ярих хүмүүс олон байна. Гэхдээ хэдий ингэж дүрэм өөрчлөгдөж байгаа ч манай тамирчдын дасан зохицох чадвар сайн, дүрэм өөрчлөгдсөн ч бэлтгэл сургуулилтаа түүнд тааруулан сайн барилдаж, ямар сайн жүдочид, ямар сайн баг тамирчид гэдгээ батлан харууллаа гэж дүгнэж байна даа.

-Багийн дэлхийн аваргад оролцох урилга манай эрэгтэй жүдочдод ирсэн гэсэн. Энэ талаар?

-Тийм ээ, манай тамирчдыг Япон, БНСУ-ын тамирчидтай дүйцэхүйц хэмжээнд өндрөөр үнэлж, багийн дэлхийн аваргад оролцох урилга ирсэн. Азиас ердөө гуравхан улсад урилга ирүүлсний нэгт манай улс багтаж, аравдугаар сарын 30-нд эхлэх багийн дэлхийн аваргад манай эрэгтэй жүдочид оролцох болсон.

-Багийн ДАШТ аль улсад болох вэ?

-Туркийн Анталия хотод болно. Жин жингийн шилдэг бөхчүүдийн халз тулаан гэж болно.

-Манай улсаас жин тус бүрд оролцох тамирчид тодорсон байгаа юу?

-Өнөө, маргаашгүй тодрох байх. Саяын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон ерөнхий амжилтыг харгалзан үзэж, багш дасгалжуулагчид маань баг тамирчдаа сонгон бүрдүүлэх байх. Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дуусгаад Азийн наадам болох учраас Токиогоос эх орондоо ирээдл л шууд бэлтгэл сургуулилтаа эхлүүлээд байгаа, манай жүдочид.

-Та хэсгийн аваргын төлөө Японы бөхтэй барилдах үедээ гараа гэмтээгээд, сүүлийн хоёр барилдаанд бэртэлтэй барилдсан. Ингэхэд хэр хүнд байв. Мэдээж бэртэлтэй барилдана гэдэг тамирчин хүнээс тэсвэр тэвчээр их шаардана байх?

-Гар хөдлөхгүй хэцүү л байсан. Гэхдээ багш нар намайг заавал барилдах ёстой, сайн барилдаж, хүрэл медаль авах ёстой гэж зөвлөж байсан л даа. Тэгээд би н.Энхбаяр эмчтэйгээ зөвлөлдөж, гарандаа мэдээ алдуулагч тариулаад дэвжээнд гарсан. Мэдээж хэрэг бүрэн гүйцэд мэдээ алдахгүй байгаа юм л даа. Ерөнхийдөө баруун талдаа барилддаг хүн чинь баруун гараа бэртээчихээд гэнэт гарч ирээд зүүн тал руугаа эргээд барилдахаар өрсөлдөгчид ч их гайхсан байх. Өмнө нь тэр хоёр бөхтэй хоёулантай нь барилдаж байсан болохоор.

-Нэг талаараа таны бэртэл давуу тал болсон байна шүү дээ?

-Тийм ээ, тэгж хэлж болно. Нэг талдаа давуу тал болсон. Нөгөө талаас би хэдийгээр гар бэртэлтэй байсан ч өмнө нь ялж байсан, энэ удаад ч ялна гэсэн эрмэлзэл, итгэлтэйгээр барилдсан.

-Таны гарын бэртэл одоо гайгүй юу. Багийн дэлхийн аварга, цаашлаад Азийн наадамд оролцоход нөлөөлөх болов уу?

-Одоохондоо хөнгөн бэлтгэл хийж байна. Хүнд биш, тактикийн чанартай, амрах маягтай бэлтгэлээ хийж байгаа. Гарандаа эмчилгээ хийлгэж байгаа болохоор тэр болтол илаарших байх аа. 

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж