Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Шүншиггүй бурхан

АН-ын дарга Н.Алтанхуяг: Би тэр либерал, консерватив энэ тэрийг чинь ойлгодоггүй юм.

МАХН-ын дарга асан: Б.Даш-Ёндон: Ма­най нам зүүний нам, ардчилсан социалист үзэл са­наа баримталдаг нам гээд байгаа ч  бодит амьд­­­рал дээр барууны чиг­лэ­лийн нам болчихсон.

Хоёр эрхмийн хоорондоо ганцхан өдрийн зайтай өгсөн ярилцлагын хэсгээс та харж байна. Тэр ч байтугай саяхан хуралдсан намынхаа бага хурал дээр МАХН-ын дарга Сү.Батболд үндэсний ардчилсан үзэл нь зүүний үзэлтэй нийцдэг гэж бас гөрдөв. Эрх баригч намуудын удирдлагад хамаарах олон хүн сүүлийн үед улстөрийн намуудад үзэл баримтлалын ялгаа бараг байхгүй болсон, хамтрах нь л хамгийн зөв үзэл гэж ухуулах болов. Намуудынх нь олон арван гишүүн ангайн гайхаж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Учир нь МАХН-ын 150 мянган гишүүн (өөрсдийнх нь хэлдэг тоо) нэг өглөө сэрээд л нам нь гол “дайсан”-тайгаа ижил үзэлтэй болчихсныг олж мэдэж байна. Нөгөө талд нь Ардчилсан намын мөн тооны гишүүн (бас л өөрсдөө тийм тоо хэлдэг) намынх нь дарга нь өөрийн намын суурь үзэл номлолыг огт ойлгодоггүй талаараа пал хийтэл хэлэхийг харж байна. Ингээд энэ хоёр намын 300 шахам мянган гишүүн, тэдэнд итгэж саналаа өгсөөр ирсэн түүнээс ч олон иргэн шүншиггүй бурхдыг шүтэж явсан болж таарав. Шүншиггүй бурхан гэдэг бол зүгээр л нэг зураг эсвэл баримал, харин үзэл баримтлалгүй нам бол ердөө хэсэг бүлэг хүмүүсийн цуглуулга болно.

Хамгийн хорлонтой нь иймэрхүү мэдэгдэл, ярилцлагуудын дараа сонгогчид улстөрийн намын үзэл баримтлалын талаар ёстой холион бантан болсон ойлголттой болж байна. Зарим нэг “том” улстөрч бүр улстөрийн үзэл баримтлал чухал биш гэж итгүүлэхийг илт оролдож байна. Монголын сонгогчдын улстөрийн боловсролд хор хүргэн, тархи угааж байгаа иймэрхүү мэдэгдлүүдийн араас хэдэн үг бичихийг өөрийн үүрэг гэж үзлээ.

Улстөрийн намын суурь номлол, баруун зүүний үзэл гэж юу вэ?

1789-1794 оны Францийн хувьсгалын үеэр тус улсын хууль тогтоох байгууллагын хуралдаанд оролцогчид үзэл бодлоороо ялгаран танхимын баруун, зүүн хэсэгт хуваагдан сууснаар анх дэлхий нийтэд баруун, зүүний үзэл гэх ойлголт бий болж түгэн тархжээ. Улмаар олон янзын улстөрийн урсгал, чиглэл шинээр бүрэлдэн бий болж хөгжлийнхөө явцад дээрх хоёр үндсэн гол шугамд хуваагдан хамаарах болсон байна. Үндсэн ялгаа нь зүүнтнүүд бүгдэд тэгш нөхцөл бий болгохыг эрмэлзэх бөгөөд үүний тулд татвар хураамжийг өндөр тогтоож, халамжийн бодлогыг шүтнэ. Харин баруунтнууд хувь хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэж, нийгмийн амьдралд төрийн оролцоо бага байхыг чухалчилна.  Үүнээсээ үүдэн татварыг багаар тогтоодог байна. Маш товчоор ингэж томъёолж болох ч мэдээж хэрэг ялгаа зааг үүнээс хавьгүй илүү бий.

Зүүний үзэлд коммунист, социалист, социал-демократ, анархист үзэлтнүүд төдийгүй ногоонтнууд хамаарах бөгөөд харин барууны үзлийг либерал, консервативчууд голлон төлөөлөх боловч популистууд, нацистуудыг ч энэ чиглэлд хамааруулан тооцдог.

Баруун, зүүн гэж байгаа болохоор мэдээж хэрэг, дунд нь төв гэх хэсэг үүсэн бий болсон ч одоогоор нөгөө хоёртойгоо өрсөлдөх хэмжээнд түгэн дэлгэрч чадаагүй бөгөөд сүүлийн жилүүдэд барууны зарим хувь улстөрчдийн гуравдагч зам гэх санаа бодлыг энэ хэсэгтэй хамтатган үздэг байна.

Монголын улстөрийн намуудын суурь үзэл номлол

Юуны түрүүнд өөрсдөөсөө эхэлье. Иргэний Зориг Нам 2000 онд байгуулагдахдаа барууны үзлийг баримтлахаа илэрхийлсэн ч тухайлсан нэг урсгал, чиглэлийг өөрийн үзэл номлол болгон зарлаагүй юм. Харин хожим барууны үзэл дотроо, үзэл баримтлалаа тодотгох чиглэлд тодорхой алхмуудыг хийж ирсэн. Нэг үе нео-консерватив үзэл номлолыг албан ёсны бичиг баримтууддаа тусгаж ирсэн ч сүүлийн жилүүдэд либерал байр суурийг сонгон тогтжээ. 2007 оноос эхлэн дэлхийн улстөрийн гурван том холбооны нэг Либерал интернэшнл холбоонд гишүүнээр элсч, мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулснаар энэ байр сууриа улам бататгасан байна. Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын хуулийг анхнаас нь тууштай эсэргүүцэж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн хувь хэмжээг байж болох хамгийн бага түвшинд хүргэхийг шаардаж, татварын шинэчлэлд идэвхитэй оролцсон зэрэг нь санамсаргүй тохиолдол биш, асуудалд либерал байр сууринаасаа хандаж ирсний жишээ юм.

МАХН-ын хувьд зүүний хамгийн экстремист үзэл болох коммунист үзлийг олон арван жилийн туршид шүтэж ирснийхээ дараа ардчилсан хувьсгалтай зэрэгцэн үзэл номлолын эрэл хайгуул хийж ирсэн юм. Төв үзлийг баримтлана хэмээн нэг хэсэг явж ирснээ сүүлийн жилүүдэд зүүн төвийн үзэл баримтлал болох ардчилсан социалист үзэл санаа буюу социал-демократ чиг баримжааг баримтлах болжээ. Улмаар дэлхийн социалист интернационал байгууллагад гишүүнээр элссэн байдаг. Мөрийн хөтөлбөр, дүрэмд нь ч энэ байр суурь нь тодорхой тусчээ. Одоо буцааж хумихад ихээхэн төвөгтэй болоод байгаа нийгмийн хавтгайрсан халамж бол энэ намын зүүний бодлого хэт хэрэгжсэний жишээ гэж хэлж болно.

Харин 2000 онд барууны үзэлтэй МҮАН, зүүний үзэлтэй МСДН-ууд нэгдэж өнөөгийн АН-ыг байгуулсан нь тодорхой хугацаанд аливаа нэг үзэл баримтлалыг хатуу сонгоход нь энэ намд бэрхшээл учруулсан гэж үзэх үндэстэй. Тиймээс ч АН-ын 2000 оны үндсэн баримт бичгүүдээс баруун, зүүн гэх үгийн алийг ч олохгүй. Гэсэн хэдий ч хатуу зүүний чиг баримжаатай МАХН-ыг сөрж гарч ирсэн тус нам барууны үзэл санааг тээгч гэж олон нийтэд ойлгогдож ирсэн юм. Тус намын үе, үеийн дарга нар тухайлбал Д.Дорлигжав АН бол барууны, тэр дундаа консерватив үзэлтэй нам гэж мэдэгдэж байлаа. Тэгээд ч дэлхийн консерватив чиг баримжаатай намуудын холбоо болох Дэлхийн ардчилсан холбоонд МҮАН-ын гишүүнчлэлээ хадгалж, харин МСДН-ын хамаарагдаж байсан соц-интерны гишүүнчлэлээсээ татгалзсан нь энэ намыг консерватив чиг баримжаатай нам гэж үзэхэд хүргэж байгаа юм.
 
Эдгээрээс гадна 1990 онд байгуулагдсан, ази тивийн анхны ногоон нам болох Монголын Ногоон нам, консерватив байр суурьтай МУНН зэрэг цөөнгүй намууд үйл ажиллагаагаа явуулж байдаг билээ.

Аливаа улстөрийн нам үзэл баримтлалаа шинэчлэн сайжруулах нь хөгжлийн жам ёсны үйл явц байдаг бөгөөд ойрмогхон яригдаж байгаа МАХН-ын үзэл баримтлалын шинэчлэлийн асуудлыг ч энэ хүрээнд ойлгож байгаа юм. Гагцхүү өөрсдийн үзэл баримтлалын мухардал, улстөрийн тодорхой бус байдлаа хаацайлах зорилгоор Монголын төдийгүй дэлхийн улстөрийн намууд үзэл баримтлалын ялгаагүй болж байгаа гэж ярьж, бичих нь хэт өрөөсгөл болох юм. Дэлхий нийтэд улстөрийн намууд нь үзэл баримтлалаараа өрсөлдөн улс орноо хөгжүүлэх бодлогуудыг томъёолон авч явааг өнөөдөр дүн нь гарч байгаа Шведийн парламентын сонгуулийн жишээнээс харж болохоор байна. Харин манай улсын улстөрийн гол хоёр нам, дарга нарынх нь хэлсэнчлэн үзэл баримтлалын хувьд шүншиггүй бурхан шиг болчихсон бол үнэхээр харамсалтай. Үзэл баримтлалгүй намд яадгийг би мэдэхгүй, шүншиггүй бурханд бол харин элдэв муу юм шүглэдэг гэж хаа нэгтээ уншсан юм байна. 

ИЗН-ын ХЭГ-ын дарга Г.Ганбат
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж