Л.Сундуйцэгмид: Мал маллах сайхан ажил

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Л.Сундуйцэгмид: Мал маллах сайхан ажил

Арвайхээр сумын ИТХ, ЗДТГ-аас “Уламжлалт мал аж ахуй эрхлэлтийг зах зээлийн нөхцөлтэй хослуулан эрхлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг тун сонирхолтой байдлаар зохион байгууллаа. Аймгийн төвөөс 35 орчим км-ийн зайд орших “Үнэгт хайрхан” хэмээх газар  намаржиж буй  малчин Л.Сундуйцэгмид гуайн гэрт зохион байгуулсан дээрх зөвлөгөөнд  Арвайхээр сумын есөн багийн 100 орчим залуу малчид оролцсон юм. Өнгөрсөн жилийн зуд турханд  малынхаа дийлэнхийг мэнд оруулсан тэргүүний залуу малчдаа хооронд нь уулзуулан туршлага судлуулж, мөн хашир малч ахмадуудын арга ажиллагаа, сургамжийг газар дээр нь үзүүлж ойлгуулахыг зорьсон тус зөвлөгөөн нь Өвөрхангай аймагт  анх удаа шинэлэг хэлбэрээр хийгдсэнээрээ онцлог байлаа. Тэнд хуран цугласан малчид ч сайшаан дэмжиж, цаашид ийнхүү бодит байдлаар сургалт зөвлөгөөн явуулах нь илүү ойлгомжтой, сонирхолтой байх юм гэдгийг өгүүлж байсан. Зөвлөгөөнөөр сумын удирдлагууд болоод холбогдох албаны хүмүүсээс илтгэл тавьж малчдад мэдээлэл хүргэсэн бөгөөд  Өвөрхангай аймгийн зарим байгуулага, аж ахуйн нэгжээс илгээсэн шагнал өргөмжлөлийг залуу малчдад гардууллаа. Зөвлөгөөний дараа чөлөөт арга хэмжээ зохион байгуулсан нь  малынхаа төлөө цаг наргүй ажиллаж байдаг залуу малчдын сэтгэлийг сэргээхүйц  үйл явдал болсон юм. Энэ үеэр“Арвайхээр сумын залуу малчдын зөвлөгөөн”-ийг өөрийн гэртээ хамтарч зохион байгуулсан мянгат малчин Луузангийн Сундуйцэгмид гуайтай ярилцаж, мал маллах зарим арга ухаанаас нь туршлага судаллаа.
-Танай хотонд залуу малчдынзөвлөгөөн болж байна. Зөвлөгөөний талаар та ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ?

– Манай хорооны дарга н.Батсуурь энэ саналыг гаргасан юм. Зөвлөгөөн сайхан болж байна. Залуу малчид олноор цуглаж, биенийхээ арга туршлагыг суралцаж байгаа нь талархууштай. Энэ зөвлөгөөнөөс  хоорондоо нийлж хоршиж, бие биендээ дэмжлэг болж ажиллавал зүгээр юм уу гэдгийг ойлголоо. Би ч олон жил ганцаараа л мал малласан хүн. 4-р анги төгсөөд 1954 оноос эхлэн мал дагасан. 20 хүртэл мал дагаж байгаад цэрэгт татагдаж, цэргээс ирээд жолоочоор ажилласан. Тэгээд 1990 онд 60 гаруй хонь, 10-аад ямаатай  хөдөө гарч 500-аад ямаа, 2000 хонь, 40-өөд үхэр, 100-аад адуутай болсон доо.

-Өнгөрсөн жилийн өвөл, хаврын улирал их л бэрх болж өнгөрлөө. Танайх малаа хэр хорогдуулав?

– Нэлээн гарзтай л өвлийг авлаа даа. Би жаран хэлэн жил мал хариулахад ийм хүйтэн өвөл үзээгүй. Бэлчээр дээр мал осгож үхээд л байх юм. Өнгөрдөг өвөл адуугаа алдаад хагас нь байхгүй, үхэр нэлээн хорогдлоо. Хашаандаа голдуу тэжээгээд, нар жаахан тогтохоор гадуур гүйлгэн хөлийн чилээг нь гаргаж маягаар маллаж байж цөөхөн малтай хоцорсон. Отор хийх нь их чухалдаа. “Зунд нь нүү, өвөлд нь суу” гэж. Энэ жил “Дунд идэш, дулаан хэвтэр” гэж бодоод нүүлгүй өнжсөн чинь жаахан буруудав уу. Нүүсэн улсууд хожсон. Баруунтаа  Өшгөгийн нуруу, зүүнтээ Булганы Дашинчилэн явсан улс малтайгаа л ирсэн байна лээ.  Хоолтой мал хэдий хүйтэн ч гэсэн тэсвэр хатуужил сайтай байдаг юм байна. Гэхдээ оройтож оторлоход  хоолтой газар очоод ч газаршаагүй мал чинь хөлдөөд л үхдэг юм.

-Та зөвлөгөөн дээр залуу малчдад хандан их сайхан сургамж хэллээ. Манай уншигч малчдад хандаж дахиад хэлэхгүй юу?

– Би залуу малчдад яаваар /мотоцикль/, дурангаар хонио битгий хариулж бай гэдэг. Дагаж л хариулвал их тарга хүч авна. Би өөрөө дандаа явган явж, эргүүлж тойруулж байдаг хүн. Тэгээд өвлийн цагт нөмөр нөөлөгтэй, зуны цагт өндөрдүү газар хариулвал  зүгээр дээ. Малаас зөвхөн шээсийг нь хаях юм даа. Элэг, уушиг гээд таван цулыг нь хатааж нүдээд зоодой хийж, хивэгтэй холиод өгвөл малын тамир тэнхээнд их сайн.

-Өвлийн бэлтгэлийг хэр хангаж байна вэ?

– “Хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлнэ” гэгчээр жаал өвс бэлдлээ. Таана, зэрлэг зулгаалаа.  Өвс татлаа. Энэ өвөл  ноднингийх шиг хүйтэн байлаа ч гэсэнмалын хоолтой, зутрахгүй байх гэж бодож байна. Манайх хүн хүч муутай. Ганц бандитайгаа байдаг. Хүргэнийх айл буучихаад том охин маань нэмэр болж, тогоо шанага бариад л байж байна. Уг нь 6 хүү, 2 охинтой. Бага бандиас бусад нь тусдаа гарсан.

-Залуу малчдын зөвлөгөөнийг танай хотонд хийхийн учир нь танай тохь тух, таны ажилсаг байдлыг харуулахыг зорьсон хэмээн сумын Засаг дарга хэлсэн. Та өвөлжөө, хаваржаагаа хэрхэн тохинуулав?

-Өөө яахав, хэрэндээ л ажиллалаа.  Малын таван байртай. Гадаа, баруунтаа, хойно, Өвөршанданд, Халгайтад бий. Хонь 2000 хүрсэн. Хургаа, эм хонио, ямаагаа, сувайгаа бүгдийг тус тусад нь хариулдаг. Олон хонь бөөнөөрөө бэлчихээр эхнийх нь хөлөөрөө гишгэчээд сүүлийхэд нь идэх юм байдаггүй. Цөөхөн хонь чинь таруу, идээшлэг сайтай, тарга тэвээрэг сайн авдаг. Намрын цагт хургаа ялгачихдаг. Манай хургыг харсан хүн эм хонь гэж андуурдаг юм.
 
-Арвайхээр сум маань өөрийн гэсэн нутаг бараг байдаггүй.  Тэгэхээр сумынхаркяат малчдад бэлчээрийн асуудал хүндрэлтэй байдаг уу?

– Сум маань малын бэлчээр хомсхонтой газар шүү дээ. Бид буусан сум,  орон нутгийн хэдтэйгээ зохицож л малаа маллаж байна. Бэлчээрийн асуудал байнга гарна. Ах дүү муутай хүн сүрхий гадуурхуулдаг юм байна. Би эхээс 5-уул ч хоёулханаа үлдсэн. Эгч хүүхэн хотод бий. Би энд ганцаарханаа хөөрхөн гадуурхагдана. Гэсэн ч зүй зохисоор нь болоод л байдаг юм.

-Энэ аль сумын нутаг вэ?

– Уг нь Баянгол сумын нутаг байсан юм. Одоо Тарагтад харъяалалтай. Өнгөрсөн жил хэсэг хүмүүс ирж “нутаг чөлөөл” гэж хөөсөн. Аргагагүйн эрхэнд бага бандиа Тарагтийн харъяалал руу шилжүүлсэн дээ. Тэгтэл сумын удирдлагаас “энэ хавийн өвс, усыг арчилж хамгаалах, Өнцийнхөнг /Баянгол сумын Өнц бригад/ буулгахгүй байх” гэсэн үүрэг даалгавар өгсөн. Удалгүй дарга нь солтгдож дахиж хүн ирээгүй. Одоо энэ хавиар Төгрөгийнхөн, Өнцийнхөн, тарагтынхан бүгд л байна даа. Отор их орж ирдэг. “Нуур, ус нутгийн булай” гэж… Отрыхон бэлчээрийг сүрхий сүйтгэх юм. Идүүлэхээсээ илүүтэйгээр малаа хойш, урагш тууж малын хөлөөр талхалчихдаг болохоор аятайхан ч үгүй л байх юм.

-Сүүлийн үед  мал маллах арга туршлагагүй хэмээн залуу малчид ихээр шүүмлүүлж байгаа. Тэдний талаар та ямар бодолтой явдаг вэ?

– Малаа сайн малладаг, малынхаа төлөө төрсөн залуу малчид байн аа. Гэтэл малаа эргүүлж ч чадахгүй, архи айраг эргүүлсэн, алттай газар, аймаг орон нутаг руу явсан ажил муутай залуучууд байх л юм. Маллаж чадвал мал маллах шиг сайхан ажил алга. Мал дагавал хошуу тосдоно. Малаа сайн маллаж байгаа улсуудын амьдрал ахуй аяндаа дээшилж, өсөж явна шүү дээ.

                                                                                                                                                                  Б.Батчимэг

                                    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж