Халдварт өвчинтэй тэмцэхэд орон нутгийнхан нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Халдварт өвчинтэй тэмцэхэд орон нутгийнхан нэгдлээ

Сүхбаатар аймагт тархаад буй малын гоц халдварт шүлхийгээр өвчилсөн малыг устгалд оруулж ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд асар их хэмжээний хөрөнгө, хүч шаардлагатай байгааг харгалзан үзэж, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас эд материал, хөрөнгө санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэхийг аймгийн нийт аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэдэд хандан уриалга гаргажээ. Энэхүү уриалгын дагуу  аж ахуйн нэгж, албан байгууллагаас мөнгө санхүүгийн болон эд материалын хандив тусламж үзүүлж байгааг  аймгийн Онцгой комисс хүлээн авч байна. Тухайлбал: Төмөртийн овооны цайрын баяжуулах үйлдвэр  аймгийн Онцгой комисст найман сая, аймгийн Онцгой байдлын хэлтэст хоёр  сая төгрөг, Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид,  “ХААН” банк, “Мөнхийн гэгээвч”  компани хагас сая төгрөг, Шүүхийн тамгын газар 252 мянган төгрөг, МАХН-ын хороо  300 мянган төгрөг, Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газар, Зүүн бүсийн эрчим хүчний “Сүхбаатар” салбарынхан нэг өдрийн цалингаа хандивлажээ. Мөн “Бодь тэргүүн” компани 500 мянган төгрөгийн халуун хоол, Тоосгоны үйлдвэр 800 мянган төгрөгийн үнэ бүхий хөдөлмөр хамгааллын хувцас, “Ганга импекс” компани цэвэр ус, “Ширээт Дөхөм” компани нарийн боов, “Амтат гоёо” эмийн сан, Худалдаа аж үйлдвэрийн танхимын аймаг дахь салбарын харьяа бизнес эрхлэгчид бээлий, амны хаалт, ариутгалын бодис, “Сүхбаатар хараа” компани 30 шуудай гурил, цэвэр ус, ногоон цай зэргээр өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээр  хандив тусламж үзүүлж байгаа аж.

Г.Сүхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж