Тамирчид Ерөнхийлөгчийн тэтгэлэг гардлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Тамирчид Ерөнхийлөгчийн тэтгэлэг гардлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимп, дэлхийн хэмжээний тэмцээнд түрүүлж, онцгой амжилт гарган залуу хойч үед үлгэр дуурайл үзүүлсэн МУБИС-ийн оюутан Б.Батцэцэг, Г.Эрдэнэболд, МУИС-ийн оюутан А.Энхтуул, ХААИС-ийн оюутан Ц.Хонгорзул нарт 2010-2011 оны хичээлийн жилд захирамжаараа нэрэмжит тэтгэлгээ хүртээсэн билээ.  Засгийн газрын 2008 оны 46 дугаар тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан 30 хүртэл суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно гэж заасан байдаг юм.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга уг тэтгэлгийг Хүүхэд, өсвөр үеийнхний Сингапурын олимпоос чөлөөт бөхөөр алтан медаль хүртсэн Б.Батцэцэг, гимнастикаар алтан медаль авч энгэрээ мялаасан Г.Эрдэнэболд нарт өнөөдөр гардуулан өгч, цаашид улам том амжилт гаргахыг хүсэн ерөөхийн хамт гавъяат болоход тун ойрхон байгааг тэдэнд сануулав. Оюутан А.Энхтуул гадаадад тэмцээнд оролцож, Ц.Хонгорзул Эрдэнэтэд бэлтгэл хийж байгаа ажээ.
Ерөнхийлөгчийн тэтгэлгийн өргөмжлөлд “Таны ирээдүйн амжилт төрдөө үнэтэй, түмэн олондоо тустай, тив дэлхийдээ цуутай байж, Монголын бахархал болж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж