Нийслэлд хүн амын төвлөрөл ихэсч байгаатай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга үүрэг, чиглэл өгч, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсээс “Хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ. Тодруулбал 00.00-03.00 цагийн хооронд нийслэлийн зургаан дүүргийн Цагдаагийн хэлтсийн 162 алба хаагч архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 937 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгасан аж. Шалгалтын үеэр 17 зөрчил илрүүлж, хууль зөрчин худалдаалсан 426 шил архи болон шар айраг хураан авч, хууль бус орлогын 2 сая 159 мянга 500 төгрөгийг улсын орлого болгосон байна. Тухайлбал Баянгол дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг 440 аж ахуйн нэгжийг шалгахад “Шинэ зууны шат” компанийн “Микс” баар, “Молор трейд” компанийн “Тамир”, “Сод цахир” компанийн “Напеолон” ресторан нь 00.00 цагаас хойш иргэдэд согтууруулах ундаагаар үйлчилж байсныг үйл ажиллагааг нь зогсоож, холбогдох хуулийн дагуу арга хэмжээг авчээ. Түүнчлэн 01.20 цагт иргэдэд согтууруулах ундаагаар үйлчилж байсан “Юу Жи Си” компанийн “Метрополис” баарны үйл ажиллагааг зогсоожээ. Шалгалтын үеэр гарсан нэг ноцтой зөрчил бол Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Реасе брижд” рестораны хоёр давхарт тайчих үзүүлбэртэй баар ажиллуулж байсныг илрүүлжээ. Уг газарт Нийслэлийн Соёл урлагийн газраас зөвшөөрөлтэй хэмээн есөн эмэгтэй тайчих үзүүлбэр үзүүлж байсан ч тэдэнд албан ёсны биеийн байцаалт, бичиг баримт байгаагүй аж. Уг газар нь согтууруулах ундаагаар иргэдэд үйлчилж байсан учраас үйл ажиллагааг нь зогсоосон байна.
С.Отгон