Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Охидын яриа

Шатрын спортоор амжилт гаргаж, сурагчдын дэлхийн аварга болсон А.Энхтуул, загварын тайзнаа хөл тавьж, эх орноо төлөөлөн олон улсын миссийн тэмцээнд оролцох эрхийн эзэн болоод байгаа Монголын мисс Б.Бадамцэцэг нар унаган багын найзууд юм. Өөр өөр зан араншин, сонирхол, авьяастай боловч бусдын төлөө туслах чин хүсэлтэй тэд өнгөрсөн баасан гаригт Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвд зочилж, тэнд хүмүүжиж буй 4-18 насны 120 гаруй хүүхэдтэй тоглож наадан, нэг өдрийг хамт өнгөрүүлсэн юм. Энэ үеэр тэдэнтэй ярилцлаа.

-Та хоёр хэдэн наснаасаа эхэлж найзалсан бэ?

А.Э: Өлгийтэй байхын л найзууд.  

Б.Б: Мөлхөж яваад мөргөлдөж танилцсан гээч. Тийм л багийн найзууд даа. /инээв/

-Тэгвэл арван жилдээ бас нэг анги байсан уу?

Б.Б: Нэг жил л нэг ангид хамт сурсан.

А.Э: Бадмуушка бид хоёр чинь бүр нэг гэрт амьдардаг байсан.

-Ингэхэд “Miss Mongolia-2010” наадмыг А.Энхтуул үзсэн үү?

А.Э: Өмнөх өдөр нь Бадмуушкагийн ээж Мөнхөө эгч “Miss Mongolia” наадам болно гэдгийг хэлсэн. Яг тэр үед би шатрын холбоон дээр ажилтай байсан юм. Жаахан байж байгаад л ээж рүүгээ утсаар яриад юу болж байна гээд асуугаад л байсан. Тэгсэн харин ээж эргэж залгаад  Монголын мисс болчихсон гэхээр нь би шууд бүх ажлаа хаяад Драмын театр руу явсан. Тэгээд очсон чинь Бадмуушка ярилцлага өгч байсан. Би маш их баярласан. Угаасаа ч тодорхой байсан юм дөө. /инээв/

-Найз чинь чамд ийм их итгэлтэй байхад мисс болно гэж бодоогүй гэж ярьж байсан шүү дээ?

Б.Б: Үгүй ээ, хүн уг нь өөртөө итгэлтэй байж амжилтад хүрдэг гэдэг ч би яг тайзан дээр гарахад тийм зүйл бодогдохгүй байсан. Би түрүүлнэ гэсэн бодол ерөөсөө орж ирээгүй. Мэдээж энэ тэмцээнд 21 охин миний өрсөлдөгч байсан, тэр дундаа дэд мисс болсон Б.Батцэцэг, “Aero Mongolia” мисс Э.Алтанзул нар хамгийн хүчтэй өрсөлдөгчид байсан.

-Авьяаслаг миссээр шалгарсан Т.Туяамаа та хоёрыг Ч.Содтуяагийн шавь гэж байсан, нэг агентлагийнх юм уу?

Б.Б: Тийм, бид хоёр “Азийн модель” агентлагт суралцдаг. Гэхдээ дамжаа нь бол өөр, өөр байсан. Нэг агентлагийнх болохоор нэг нэгнээ танина.

-Ер нь “Miss Mongolia” тэмцээнд яагаад оролцох болов?

Б.Б: Ч.Содтуяа багш намайг ороод үзэх хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Юуны түрүүнд өөрийгөө ямар төвшинд байна гэдгээ шалгаад үз, заавал түрүүлэх гэж биш өөрийгөө шалгах хэрэгтэй гэсэн багшийнхаа зөвлөгөөг дагасан.  

-Монголын миссийн эхний сайн үйлс өнөөдөр болж байх шиг байна, тийм үү?

Б.Б: Тийм ээ. Бөмбүүлэй /А.Энхтуулыг хэлж байна/ бид хоёр 12 настайдаа хамт энэ асрамжийн газарт ирж байсан.

А.Э: Нээрэн, яг дөрвөн жилийн өмнө энэ асрамжийн газар анх ирж байсан юм байна.

Б.Б: Тэр үед бид хоёр ийм амжилт гаргаагүй байсан. Бөмбүүлэй дөнгөж шатар тоглож эхлээд, бас дуулдаг, хөгжим дардаг ер нь их авьяаслаг охин байсан. Харин би зураг зурдаг, шүлэг бичих сонирхолтой байлаа.

-Ингэхэд та хоёр хамт байхдаа чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Б.Б: Бид хоёр тэгж их уулзаад байх зав чөлөө ер нь бага болсон. Хааяа би Бөмбүүлэйгийнд очиж хонодог. Тэгэхээрээ л сайхан буу хална даа.

А.Э: Би бас Бадмуушкагийнд очиж хононо.

Б.Б: Ихэвчлэн би Бөмбүүлэйгийнд очиж хонодог юм. Гадуур гарахаараа хамт кино  л үздэг. Гэхдээ тэгж уулзах нь ховорхон.

А.Э: Энэ жил лав ерөөсөө кино үзээгүй. Уулзаж амжихгүй л байсан. Намайг сая Ерөнхийлөгчөөс шагнал авахад Бадмуушка ээжтэйгээ хамт ирсэн.

-Ингэхэд “Хэцүү анги” киноны пробонд та хоёр хамт орсон гэсэн үү?

Б.Б: Намайг Бөмбүүлэй дагуулж очиж байсан юм. Би түүнээс биш юу ч мэдээгүй, гэртээ унтаж байсан. Бараг дуртай, дургүй явсан шүү.

А.Э: Бид хоёр хоёулаа шалгарсан байхгүй юу. Бадмуушка Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийнхаа найзуудтай зугаалгаар явчихсан байсан юм. Тэгээд хариуг нь намайг очоод харчихаарай гээд, би явж хариугаа харсан. Тэгсэн шалгарсан хүүхдүүдийнхээ нэрийг нэг талд нь нөгөө талд шалгараагүй хүүхдүүдийн нэрийг биччихсэн байсан. Тэгээд л дээрээс нь эхлээд хараад байсан чинь байдаггүй. Тэгэхэээр үргэлжүүлээд уншаад байсан чинь доор А.Энхтуул, Б.Бадамцэцэг гээд яг дарааллаад биччихсэн байсан. Би Бадмуушка руу яриад хоёулаа тэнцчихэж ээ гэж хэлсэн. Тэгээд нэг цаг гээд стиль имижтэй хувцаслаад ирээрэй гэсэн байсан. Тэгсэн би яг тэр үед наймдугаар сард билүү, Азийн аваргатай гээд Энэтхэг яваад, кинонд тоглож чадаагүй. Тэгээд Бадмуушка очоод, намайг тэмцээнтэй тоглож чадахгүй гэсэн чинь найруулагч нь уурласан гэсэн.

Б.Б: Бөмбүүлэй намайг заавал кинондоо тоглоорой гэсэн. Найруулагч нь Бөмбүүлэйг хайран охин, тоглосон бол уг нь гээд л нэлээн харамссан юм шиг байна лээ /инээв/

-Та хоёр багийн найзууд, нэг нэгнээ сайн мэднэ байх. Найзыгаа тодорхойлбол?

А.Э: Бадмуушка бол ямар ч байсан их хөөрхөн. Яг хэлэх гэсэн чинь болдоггүй ээ. Хөөрхөн, ухаалаг, бас залхуу. /инээв/ Манай хүн жаахан залхуу л даа, гэхдээ бүх талаараа их сайн охин.

Б.Б: Энхтуулын номер нэг зан чанар нь гэвэл их шаргуу. Нэг юманд зорьсон бол заавал тэр зорилгоо биелүүлж байж салдаг их гоё зантай.

-Ингэхэд Б.Бадамцэцэг тийм залхуу гэж үү?

Б.Б: Бид хоёр их сонин ш дээ. Бөмбүүлэй багадаа их ажилсаг, би их залхуу хүүхэд байсан. Бид хоёр хоёулаа л салхилгагүй. Тэгсэн том болсон чинь Бөмбүүлэй залхуу болоод би ажилсаг болчихсон.

А.Э: Би одоо залхуу болчихсоон. /инээв/ Бид хоёр ингээд солигдоод байгаа. Бас би багадаа их зөрүүд байсан одоо болохоор Бадмуушка зөрүүд болоод, би гайгүй болчихсон.

Б.Б: Бид хоёр бие биенийхээ дутууг нөхөөд л явж байдаг юм. Нэг нь жаахан тийм байвал нөгөө нь зааж зөвлөж өгдөг. Би Энхтуулдаа нэг зүйл дээр их баярладаг юм.

-Юунд?

Б.Б: “Хэцүү анги” кино гарсны дараа олон хүн таниад ирэхээр хүний зан характер өөрчлөгддөг юм байна лээ. Хэдий тийм болохгүй гэж хичээсэн боловч өөрийн эрхгүй тийм болдог юм билээ. Тэгээд би жаахан өөчрлөгдөөд ирэхэд Энхтуул…

А.Э: Би, би наадахыг чинь ярья. Ингэсэн байхгүй юу. “Хэцүү анги”-д тоглосных нь дараа хамт гудамжаар явахад “Хэцүү анги”-ийн Гэрлээ гээд хүмүүс таниад. Бусад олны танил хүмүүсийг харж байхад гарцаагүй байдалд орохоороо шил зүүдэг дээ. Тэгэнгүүт манай хүн зүүж байгаа юм аа, аварга. Гэхдээ хүмүүс шил зүүсэн ч таниад байдаг юм аа. Тэгээд манай хүн чинь нэг хэсэг их зантай болдог юм байна аа. Бүр аягүй их зантай болоод. Эхэндээ ч би тоогоогүй юм. Тэгсхийгээд зүгээр болчихно гэж бодоод. Тэгсэн сүүлдээ болохгүй болохоор нь утсаар нэг загнаад, гэрт нь очиж тачигнатал загнасан. Тэрнээс хойш Бадмуушка өмнө нь ямар байсан одоо ч гэсэн яг тэр л хэвээрээ байгаа. Яагаад гэвэл би өөрөө тийм их зантай хүнд дургүй.

-Та хоёртой ярилцаж байхад их эсрэг тэсрэг хоёр хүн юм аа?

А.Э: Бид хоёр чинь хамгийн анх шатрын дугуйланд хамт явдаг байлаа. Манай шатрын багш нэлээд хатуу. /инээв/ Бид хоёр хоёулаа шатраа сурдаггүй ээ. Тэгээд Бадмуушка айгаад явахаа больчихсон, би болохоор шартай. Ер нь би их шартай, манай хүн шаргүй ээ. Тэгээд Бадмуушка долоо хоног явахгүй байж байгаад гэнэт нэг дэх, хоёр дахь өдөр болоод ирэхээр нөгөөдөх чинь явна аа гээд, тэгэхээр нь би шалны мод бариад араас нь хөөчихнө. Тэр үед чинь жаахан байсан юм чинь. Есөн настай байсан. Тэгээд л шалны мод бариад л араас “Хөөе чи долоо хоног яваагүй байж, явах юм бол зодно шүү” гээд л. Би тэр үед чинь их зодоонч байсан. Тэгээд л шууд айлгаад үлдээчихнэ. Би ганцаараа гүйгээд клубтээ яваад юмаа сураад хүрээд ирдэг байсан. н.Батболд багш маань хичээсний үр дүнд өнөөдөр би ийм амжилт гаргасан. Бадмуушкагийн анхны гараа нь шатар. Шатарт анх ороод за чадахгүй юм байна гээд л зураг зурж эхлээд урлагт орж байгаа юм. Зургаа жаахандаа зурж байгаад болиод Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуульд орсон, дараа нь миссийн дамжаанд яваад л… Ч.Содтуяа багш өөрийнхөө агентлагт сурах санал тавьсан гэдэг. Одоо Монголын мисс болчихсон байна. Гэхдээ хамгийн анхны зам нь спорт байсан шүү.

Б.Б: Амьдралын эрхээр хоёр найз зам замаа хөөгөөд, гэхдээ найз хэвээрээ. Бид хоёрын зан ааш, сонирхол гээд бүх зүйл эсрэг тэсрэг.

-Тийм байна, тэгсэн ч их гоё найзууд юм?

А.Э: Хүмүүс ингэж ойлгодог юм шиг байна лээ. Найзууд гэхээр хэлхээтэй юм шиг хамт яваад л, байнга уулзаад л байдаг гэж. Гэхдээ сайн найзууд чинь биенийгээ мэддэг. Тэр ингэж байгаа, тэгж байгаа гээд л мэдэж байдаг. Манай хоёр ээж бол байнга холбоотой байдаг.

Б.Б: Яг үнэнийг хэлэхэд бид хоёр тийм биш л дээ. Хааяа л уулздаг.

А.Э: Бадмуушка руу ярихаар тэнд тийм зураг авалттай гээд л. Хааяа над руу залгахад нь би тэмцээнд орж байна гээд ерөөсөө таарахгүй. Бие биенээ сайн мэдэж байгаа юм чинь хааяа нэг уулзана. Байнга уулзах шаардлагагүй. Найзууд гээд байнга уулзаад байвал тэр чинь бас утгаа алдана ш дээ.

Б.Б: Сүүлдээ бүр залхана гээч. Бид хоёрт хэр баргийн зав гардаггүй болохоор, хааяа нэг зав гарсан үедээ нэг нэгнийдээ очиж хонодог. Энхтуул чинь гадагшаа тэмцээн, уралдаанд их явдаг болохоор бүр олдохгүй ээ.

-Охидууд л юм чинь нэг нэгнийхээ нүүрийг будаж өгдөг байх, тийм үү?

Б.Б: Манай Энхтуул чинь их эршүүд. Би нүүрийг нь будах гээд чаддаггүй. Тэгээд ямар сайндаа хамгийн анх хумсыг нь будаж өгсөн юм. Тэгсэн будаг нь хатаад ирсэн чинь, энэ чинь хүндрээд байна ш дээ гээд арилгачихсан. /инээв/

А.Э: Нээрээ. Миний хумсыг өнгөтэйгээр будах гээд, тэгэхээр нь би өө чадахгүй би шатар тоглож чадахгүй юм болно гээд. Тэгээд өнгөгүйгээр будуулсан юм. Эхлээд харсан чинь гоё байсан л даа. Хэлбэрийг нь засчихсан, гялалзаад гоё харагдаж байсан. Ээж ч гэсэн гоё болчихож гэж байсан. Тэгсэн сүүлдээ гар хүндрээд, хумс хүндрээд ирсэн. Тэгэхээр нь арилгачихсан.

Б.Б: Би бас нэг өдөр нүүрийг нь будаж өгдөг байхгүй юу. Өөрөө уг нь их дуртай, даанч ичээд байдаг юм аа.

А.Э: Үгүй, би дуртай байдаггүй юм аа.

Б.Б: Ооё, худлаа яриад бай

А.Э: Үгүй, үнэн, үнэн. Энэ ингээд хааяа худлаа яриад байдаг юм. Нэг өдөр Бадмуушка манайд ирээд, ээж байхгүй. Тэгсэн хамар өндөрсгөж байна гээд хамар дээр баахан юм нялаад, өөрөө инээгээд л юм яриад байгаа байхгүй юу, нүд томруулж байна гээд хараар баахан зураад тэгээд толинд харсан чинь аймшгийн болгочихсон байдаг юм. Тэгээд Бадмуушка тоглосон юм аа, одоо жинхнээсээ будаад өгье гээд, тэгээд харсан чинь арай дээр болсон байсан л даа. Гэхдээ нэг сонин санагдаад арилгачихсан.

Б.Б: Одоо Бөмбүүлэй овоо косметиктэй болсон байна лээ, тийм ээ…

А.Э: Гэхдээ тэрийгээ эгчдээ өгчихсөн. Одоо ганцхан крем нь л байгаа. Ер нь би нүүрээ будах дургүй ээ.

Бэлтгэсэн М.Дөлгөөн ­­

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж