Эхийн эндэгдлийг хоёр дахин бууруулна

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Эхийн эндэгдлийг хоёр дахин бууруулна

Өнөөдөр ЭМЯ-наас “Монгол дахь эхийн эндэгдлийн байдал, дэлхий нийтийн чиг хандлага”-ын талаар  мэдээлэл хийлээ.
Мэдээлэлд ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сан НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банкны төлөөлөгчид оролцсон юм. Эхийн эндэгдэл дэлхий дахинаа 30 гаруй хувиар буурсан бөгөөд манай улсын хувьд сүүлийн 20-од жил тодорхой хэмжээгээр буурч иржээ. Тухайлбал, 1990 онд 200, 2000 онд 158, өнгөрөгч онд 27 эх эндсэн бол энэ оны эхний найман сарын байдлаар 18 эх эндсэн тоон мэдээ бий.
Өнөөдөр манай улсад эхийн эндэгдэл 1990 оны түвшингээс бараг дөрөв дахин буурч, Монгол улс эхийн эндэгдэл өндөртэй орноос эхийн эндэгдэл дунд зэрэгтэй орны түвшинд шилжсэн тул Мянганы хөгжлийн  зорилтод хүрэх боломжтой гэж эрүүл мэндийн салбарынхан, олон улсын байгууллагууд үзэж байгаа аж.
Эхийн эндэгдлийн талаас илүү  хувь нь хөдөө орон нутагт гарч байгаа нь нийгмийн байдал, боловсрол мэдлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмч нарын мэдлэг ур чадвар дутмаг байгаагаас үүдэлтэй гэнэ. Нөгөө талаар эцэг эхчүүдийн өөрсдийн хайхрамжгүй байдал, ойр дотны хүмүүсийн анхаарал халамж дутагдсанаас эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барах тохиолдол эхийн эндэгдлийн гуравны хоёрыг эзэлж байгааг дурдлаа. 2015 он гэхэд Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтод хүрч эхийн эндэгдлиг өнөө үеийнхээс хоёр дахин бууруулах боломжтой гэж тэд үзэж байна. Энэхүү мэдээллийн үеэр Эрүүл мэндийн сайд С.Ламбаагаас цөөн асуултад хариулт авсан юм.

-Төрөх эмнэлэг шинээр барих ажил ямар шатандаа явж байна?
-Улсын их хурлаар 19 тэрбум төгрөгийн өртөг бүхий 300 ортой шинэ төрөх эмнэлгийг Яармагийн дэнжид барихаар болсон. Энэхүү эмнэлгийг Эх нялхсын эрүүл мэндийн нэгдсэн төв нэртэй болгож 100 эхийг төрүүлж, 100 эхэд эмчилгээ хийж, 100 нярай хүүхдэд эмчилгээ үзүүлэх зориулалтаар барина. Мөн  150 ортой  гуравдугаар төрөх барих асуудал яригдаж гүйцэтгэгч байгууллагыг шалгаруулах тендерийг зарлаад байна.
-Харьяаллаас хамаараад анхны тусламж авч чадалгүй нас барлаа гэх гомдол их байдаг?
-Тийм асуудал мэр сэр байсныг үгүйсгэхгүй. Монгол улсын нутаг дэвсгэрт I, II, III шатлалаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Гэхдээ 2008 оноос яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүйгээр үзүүлэх  болсон. Үүнд гарч буй хүндрэл гэвэл эрүүл мэндийн даатгалыг тухайн иргэний харьяалал бүхий газарт шууд шилжүүлдэг. Тиймээс харьяалал байхгүй болчихвол төсөв мөнгөний алдагдалд орно шүү дээ.
-Эхийн эндэгдэл хөдөө орон нутагт өндөр байгаагийн шалтгаан юу вэ?
-Хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт сумынхаа төвөөс олон зуун км алслагдсан сумдад түргэн тусламж очих гэж хугацаа алддаг. Мөн байгалийн аюулт үзэгдэл ган гачиг, зуд турхан, зам тээвэр, дэд бүтэц муу хөгжсөн зэрэг шалтгааныг нэрлэж болно. Саяхан л гэхэд Увс аймагт дөрвөн эх эндэсний гурав нь өөрсдийн хайхрамжгүй байдлаасаа болж эмнэлгийн тусламж авч чадаагүй байдаг. Жишээ нь  гэрийн нөхцөлд эм тариа буруу хэрэглэж нас барсан нь бий.
-Гэхдээ эмч нарын мэдлэг ур чадвар дутмаг, хариуцлагагүй байдлаас  нас  барлаа гэх шүүмжлэл олонтаа байдаг шүү дээ?
-Эмч нарын буруутай үйл ажиллагаанаас эрүүл эх төрөхийн улмаас нас барсан тохиолдол бий. Гэхдээ юм болгоныг нэг эмчийн буруу гэж нэр цохох гээд улайраад байгаа нь буруу. Цаад эхийн өөрийн биеийн байдал, архаг хууч өвчин гээд шалтгаан нөхцөл олон бий. Эрүүл мэндийн яам энэ тал дээр эмч нартайгаа  маш хатуу хариуцлага тооцож, арга хэмжээ авч ажилладаг.
-Эрүүл мэндийн салбарт наад зах нь ДНБ-ний таван хувийг зарцуулж байж энэ салбарыг өөд татна гэдэг. Энэ нь хэр боломжтой хувилбар вэ?
-Одоо өргөн барих гэж буй хуульд энэ талаар тусгасан байгаа. Хэрвээ боловсролын салбартай адил хуулиндаа заагаад өгөх юм бол хөрөнгө оруулалтын тал дээр томоохон өөрчлөлт болох юм. Одоогоор эрүүл мэндийн салбарт ДНБ-ний 3.5 хувийг зарцуулж байгаа гэсэн тоо бий. Хууль батлагдвал ДНБ-ний  таван хувийг зарцуулах бүрэн боломжтой.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж