Маргааш Энхтайвны хонхыг цохино

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Маргааш Энхтайвны хонхыг цохино

Маргааш дэлхий нийтээр “Олон улсын энх тайвны өдөр”-ийг тэмдэглэнэ. Анх 1954 оны энэ өдөр Нью Йорк хотноо Энх тайвны хонхыг дэлхийн 60 гаруй орны хүүхдийн хандивласан зоосон мөнгөөр бүтээж, дуугаргасан түүхтэй юм. Үүнээс хойш сүүлийн 50 жил гаруй жилийн турш энэ өдрийг НҮБ-аас “Олон улсын энхтайвны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байна. Шашин шүтлэг, арьс өнгө, улс төрийн шалтгаанаар дэлхий дахинд мөргөлдөөн, үл ойлголцол, зөрчилдөөний талаар өдөр тутам хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй энэ үед НҮБ-аас зарласан Олон улсын Энх тайвны өдрийг жил бүр онцлон тэмдэглэж байгаа нь эв нэгдэл, энх тайванд уриалсан онцгой үйл явдал юм.  

“Олон улсын энхтайвны өдөр”-ийг тохиолдуулан маргааш Монголд үйл ажиллагаа явуулж буй олон төрлийн шашны урсгалын төлөөлөгчид өөрийн сүм хийдэд энх тайвны төлөө мөргөл үйлдэж, өөрийн шашны номыг унших бөгөөд энэ өдрийн орой 18.30 цагт Сүхбаатарын талбайд хуран цуглаж хамтдаа Энх тайвны хонхыг цохих үйл ажиллагааг 9 дэх жилдээ зохион байгуулах юм байна. Энэ арга хэмжээг нээж, Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин Зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илгээлтийг уншиж олон нийтэд хүргэх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шашны зөвлөлийг төлөөлж С.Цэдэндамба оролцож үг хэлнэ. Тус арга хэмжээнд Будда, Шинто, Ананда Марга, Брахма кумарис, Христ, Лал болон Бахайн шашны төлөөлөгчид оролцож тус тусын мөргөлийг үйлдэж, лаа асаан Энх тайвны хонхыг хамтдаа цохих юм байна.

Энэ энгийн бөгөөд хүн бүрийг энх тайвны төлөө хувь нэмрээ оруулахыг уриалсан, албан бус арга хэмжээ нь энх тайван бол хүн төрөлхтөн, олон төрлийн шашны сургаалын үндэс гэдгийг харуулахыг зорьж байгаа үйл явдал билээ. Тус арга хэмжээг угтаж  өдрийн туршид Монголд үйл ажиллагаа явуулж буй шашны сүм хийдэд энх тайвны төлөө ном уншиж, мөргөл үйлдэх юм.

Г.Энхбаатар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж