Үүний хариуд, АНУ-ын Засгийн газрын аливаа нөлөөлөлд автаагүй гэж “Google” компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Харин “Синхуа” агентлаг “”Google” компанийн дээгүүр албаны түшмэлүүд АНУ-ын Засгийн газартай холбоотой бөгөөд Пентагоны аюулгүйн албаны зарим экспертүүд өмнө нь “Google” компанид ажиллаж байсан гэдэг нь хэний ч өмнө ил тод баримт” гэж дурдсан байна.
“Google” компани Хятадаас гарах эсэх тухай шийдээ зарлахын өмнө ийм мэдэгдэл хийлээ.
“Google” компани Хятад улсад бизнес хийх үү болих уу гэдгийг хэрхэн шийдэх нь дан ганц Google-ийн шийдвэрлэх асуудал” гэж компанийн хэвлэлийн төлөөлөгч эмэгтэй Jessica Powell “Ассошиетэд Пресс” агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. “Google” одоогоор Хятадын зах зээл дээр тэргүүлэх байр суурь эзэлж чадаагүй бөгөөд “Baidu” компани Хятадын хайлтын системийн зах зээлд тэргүүлэх байр эзэлж байна.
“Google” Хятадаас гарах уу үгүй юу гэдгээс үл хамааран Хятадын интернэт хэрэглээний зохицуулалтууд хэвээр мөрдөгдөх болно. Ганц компанийн амбицаас болж Хятад улс интернетийн хууль, журмуудаа өөрчилнө гэдэг инээдтэй хэрэг” гэж “Синхуа” агентлаг мэдээлсэн байна.
Энэ оны нэгдүгээр сард ‘Google’ компани Хятадын интернэтийн цензурын тухай хуулийг дагаж мөрдөхгүй. Хятадын цензурын тухай хууль болон портал сайт руу нь довтолж байгаа Хятадын хакеруудын довтолгоо эрс нэмэгдсэнээс болоод google.cn сайтаа хааж магадгүй гэж мэдэгдсэн. ‘Google’ компани 2006 оноос Хятад улсад үйл ажиллагаа явуулж байгаа юм.
T.Ариунсанаа