Л.Ганбат:Энэ оны өмч хувьчлалын жагсаалтад “Эрдэнэт” ороогүй

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Л.Ганбат:Энэ оны өмч хувьчлалын жагсаалтад “Эрдэнэт” ороогүй

Өмч хувьчлалаар том жижиг нийлсэн 5000 гаруй объектийг нээлттэй болон хаалттай тендерээр хувьчилсан. Харин өдгөө төрийн мэдэлд томоохон компани, байгууллагууд л үлдээд байгаа юм. Төрийн оролцоотой компаниудын  хувьчлалын асуудал хүмүүсийн анхаарлыг зүй ёсоор татах нь мэдээж. Тиймээс бид Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбаттай ярилцлаа.

-Энэ жил төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниудаас ямар ямар компанийг хувьчлах вэ?

-2010 оны өмч хувьчлалын жагсалт хараахан батлагдаагүй байгаа. Бид саналаа Засгийн газарт хүргүүлчихээд хариу хүлээж байна. 2010 оны өмч хувьчлалын жагсаалтад “Багануур” ХК-ийн төрийн эзэмшлийг хувьчлах, Дулааны гуравдугаар цахилгаан станцыг Концессийн хуулийн дагуу хувьчлах, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, Монголын хөрөнгийн биржийг туршлагатай мэргэжлийн багт менежментийн гэрээгээр хувьчлах, “Автоимпекс”, “Эрдэнэзам” зэрэг зам арчлалтын компаниудыг уламжлалт аргаар хувьчлах саналыг Засгийн газарт хүргүүлээд байгаа.

-Энэ оны өмч хувьчлалын жагсаалтад “Эрдэнэт” УБҮ-ийг оруулсан гэж нэг хэсэг шуугисан. “Эрдэнэт” бол улсын төсвийн саалийн үнээ гэгддэг. Саалийн үнээгээ хувьчлах нь хэр зөв шийдэл юм бол. “Эрдэнэт” энэ онд хувьчлагдахгүй гэсэн үг үү?

-“Эрдэнэт” УБҮ –ийг энэ онд хувьчлахаар жагсаалтад ороогүй. Ер нь бол дэлхий нийтэд данстай манай “Эрдэнэт” шиг үйлдвэрүүд хөрөнгийн биржид бүртгэлтэй, хувьцаагаа нийтэд арилжаалж байдаг. “Эрдэнэт”-ийг хувьчиллаа ч төсөвт оруулдаг хөрөнгө мөнгөө оруулах л учиртай.

-“Монголын цахилгаан холбоо” компанийг  энэ онд хувьчилна гээгүй бил үү?

-“Монголын цахилгаан холбоо” компани хувьчлах жагсаалтад багтсан. Гэхдээ хуульд заасны дагуу уг компанийн 40 хувийг эзэмшдэг “Корей телеком” компанид хувьчлах саналаа хүргүүлэх ёстой. Энэ дагуу тус компанийн төрийн мэдлийн 54,76 хувийг “Корей телеком”-д санал болгох учиртай. Уг компани хувьчлан авахаас татгалзсан тохиолдолд олон улсын нээлттэй тендер зарлахаар үндсэн чиглэлд заасан.

-“Улаанбаатар төмөр зам” гэж нэг том “айл” бий. Энэхүү хамтарсан нийгэмлэгийг хувьчлах болоогүй юу?

-“Улаанбаатар төмөр зам”-ын хувьчлал одоогоор огт яригдаагүй. Төмөр замын тухайд 1949 оны хэлэлцээр гэж нэг сүрхий баримт бичиг бий. Тэрхүү хэлэлцээрийг ОХУ-ын талтай тохиролцож өөрчлөх, орчин үеийн шаардлагад нийцүүлэх зүйл бол яригдаж байгаа.

-1949 онд хийсэн хэлэлцээр одоогийн зах зээлийн нөхцөлд таарамжгүй нь ойлгомжтой. Зайлшгүй нэмж оруулах, хөдөлгөөн хийх ямар зүйл заалт байдаг бол?

-Бүтэн жарны өмнөх хэлэлцээр гээд бод доо. Хөдөлгөөн оруулах зайлшгүй шаардлагатай хатуу чанга зүйл заалт цөөнгүй  бий. Наад зах нь, бусад бүх аж ахуйн нэгжүүдийн төлдөг газрын татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар зэргээс тус нийгэмлэгийг чөлөөлсөн байдаг. Энэ бүхнийг өнөөдрийн шаардлага, зах зээлийн ашиг сонирхолд нийцүүлэх ёстой юм.

-Ингэхэд манайд хэчнээн төрийн өмчит компани байдаг вэ?

-Өнөөдрийн байдлаар Төрийн өмчийн  хороо нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой, хамтарсан зэрэг нийт 76 компанид төрийн төлөөллийг хэрэгжүүлж байна. Эдгээрийн тав нь төрийн өмчийн оролцоотой, зургаа нь хамтарсан, 41 нь 100 хувь төрийн өмчийн компаниуд байна. 100 хувь төрийн өмчит компаниудын олонх нь эрчим хүчний чиглэлийнх байдаг. Мөн 20 орчим нь зам засвар арчлалтын компаниуд юм. Эрдэс баялгийн чиглэлийн “Эрдэнэс МГЛ”, “Мон атом” гэсэн компаниуд бий.

-Дуудлага худалдаа, нээлттэй хаалттай тендер гэдэг өмч хувьчлалын хуучин аргад тооцогдох болсон байна. Өмч хувьчлалыг ямар хэлбэрээр явуулбал хамгийн зохистой байдаг юм бол?

-Одоогийн дэлхий нийтийн хандлагын дагуу IPO хийх аргыг илүүтэй хэрэглэх нь зүйтэй болов уу.IPO хийх гэдгийг бид хувьцааг нийтэд санал болгох гэж орчуулаад байгаа. Өмнө нь төрийн өмчит хувьцаат компанийг хувьчлаад хувьчилсан мөнгөө улсын төсөвт төвлөрүүлдэг байсан. Төрийн болон орон нутгийг тухай хуулинд ч ийм заалт бий. Харин одоо IPO хийх юм бол хөрөнгийн зах зээл дээр нэмэлт хувьцаа гаргаад түүн дээрээс нь босгосон мөнгө нь эргээд компанидаа орох учир илүү сайн талтай. Тэр хөрөнгөө тухайн компани техник, технологио шинэчлэх, хүчин чадлаа нэмэгдүүлэхэд зориулдаг байх юм. Энэ бол эдийн засгийн хувьд маш их ач холбогдолтой. Өмнө нь хэн нэг хүн объект худалдан авсныхаа дараа хөрөнгө оруулалт хийх боломжгүйгээсээ болж хувьчлал буруу явагдсан мэт харагддаг тал байсан. Үйлдвэр комбинатын хувьд хөрөнгө оруулалтгүйгээс хаагдсан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс IPO хийх арга хамгийн оновчтой байж болох юм.

-Хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгох гэдэг манай улсын хувьд шинэ зүйл. IPO хийх үндэсний боловсон хүчин хэр хангалттай байна вэ?

-Манайд л шинэ болохоос хөрөнгийн зах зээл дэлхий нийтэд эрт үүссэн. Лондонгийн хөрөнгийн бирж л гэхэд 200 жилийн түүхтэй. Манай улсын хувьд мэргэжилтэй боловсон хүчин дутмаг байгаа нь үнэн. Гэвч манай Төрийн өмчийн хорооны хувьд мэргэжилтнүүдээ бэлтгэж амжсан. Компанийн засаглалыг ч манайхан нарийвчлан судалж байна. Компани гэдэг бол ашгийн төлөө байх, тэрхүү ашгийг олж чадах бие даасан захирлууд ажиллах учиртай. Гэтэл манай төрийн өмчит компаниудад  бие даасан захирал харамсалтай нь,  алга. Голдуу төлөөлөн удирдах зөвлөлд нь төрийн төлөөлөл орсон байдаг. Сангийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Төрийн өмчийн хорооны төлөөлөл заавал байдаг.Тэгэхээр компаниуд зөвхөн ашгийн төлөө явж чадахгүй, захирал нь ч хараат бусаар бие даан ажиллаж чадахгүйд хүрдэг.  Өнгөрсөн хугацаанд төрийн өмчит компаниудыг арилжааны хэлбэрт оруулаад байгаа ч тэдгээрт компанийн засаглал нэвтэрч хараахан амжаагүй байна. Энэ бүгдийг цэгцлэх үүднээс санаж төлөвлөсөн ажил их байна. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд Төрийн өмчийн хороо зөвхөн өмч хувьчлал явуулдаг газар гэсэн ойлголтыг халах болсон. Өмч хувьчлал манай нэг үндсэн үүрэг мөн боловч энэ жилээс эхлэн бид төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, Концессийн хуулийг хэрэгжүүлэх үүрэг нэмэгдэж байна.

-Төрийн өмчит компаниудын хувьд улстөрчдийн  нөлөөлөл багагүйн дээр шахааны бизнес их байдаг гэдэг. Үүнээс болоод төрийн өмчит компаниуд ашиггүй ажиллаад байдаг юм биш үү. Төрийн өмчит компаниудыг улстөрөөс ангид байх боломж байдаг уу?

-Төрийн өмчит компаниудын хувьд улстөрчдийн нөлөөлөл байдаг нь үнэн. Ямар ч улс оронд ийм байдаг юм билээ. Төрийн өмчтэй компаниудыг улстөрөөс ангид байлгахын тулд улстөрчид нь өөрсдөө бага нөлөөлөх ёстой.

Ярилцсан Д.Цээпилмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж