
Их Британийн эрдэмтэн, судлаачид ойрын 10 жилдээ багтаан жуулчдыг сансарт аялуулах хүчин чадалтай сансрын хөлөг бүтээх болжээ. Skylon нэртэй тусгай хөлөг онгоц нь энгийн нисэх онгоцны буудлаас хөөрөх боломжтой байх бөгөөд дууны хурднаас даруй тав дахин хурдаар сансарт аялах гэнэ. Агаарын тээврийн салбарт хувьсгал хийх уг онгоцыг Их Британийн сансар судлалын агентлагийн тусламжтайгаар Reaction Engines компани бүтээж байгаа аж. 8,2 метр урттай Skylon сансрын хөлөг нисгэгчгүй байхаас гадна ямар нэг гадны пуужин шаардлагагүй, устөрөгч болон хүчилтөрөгчийн хийгээр ажиллах хоёр хүчирхэг хөдөлгүүртэй байх юм. Skylon онгоцны хамт сансарт аялахыг хүсэгчид дэлхийн агаар мандлаас гадагш 30 гаруй км-ын алсад аялах гэнэ.
Дэлхий орчмын тойрог замд долоо хоног хүртэлх хоногийн хугацаанд байх хүчин чадалтай Skylon энгийн нисэх онгоцны буудлаас хөөрч, сансарт гарах бөгөөд эргээд нисэх зурваст газардах юм. Харин нэг удаагийн аялалд 24 хүртэлх тооны зорчигч тээвэрлэх багтаамжтай байх гэнэ. Цаашдаа Skylon онгоцыг NASA-гийн сансрын шаттл-хөлгийн оронд ашиглаж, сансрын нисгэгчдийн Олон улсын сансрын станцад хүргэх бүрэн бололцоотой ажээ.
С.Цэлмэг