Элчин сайд Б.Энхмандах итгэмжлэх жуух бичгээ барив

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Элчин сайд Б.Энхмандах итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Норвегийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Б. Энхмандах энэ сарын 18-ны өдөр Норвегийн Цог жавхлант Хаан V Харалдад Итгэмжлэх жуух бичгээ барив.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Цог жавхлант Хаан  V Харалд, Элчин сайд
Б.Энхмандах нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, соёл, ард түмний зан үйлийн талаар найрсгаар ярилцаж санал солилцов.
 
Элчин сайд Б.Энхмандах Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн мэндчилгээ болон Монголд айлчлах урилгыг Норвегийн Цог жавхлант Хаан V Харалдад уламжлан, тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урив.

Монгол Улс Скандинавт ЭСЯ-аа нээсэн нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд шинэ түлхэц болно гэдэгт итгэж байгаагаа Элчин сайд илэрхийлэв. Ингэхдээ, хүн ам цөөнтэй, байгалийн баялаг ихтэй, нийгмийн хамгаалал өндөртэй, жижиг орны хувьд Норвегийн хөгжлийн загвар, хөгжилд хүрсэн туршлага Монгол Улсад нэн сонирхолтой байгааг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн, Норвегийн талаас хөрөнгө оруулалт хийж, хоёр орны хамтран ажиллаж болох уул уурхай, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл зэрэг тодорхой салбарын талаар Элчин сайд саналаа илэрхийлж, Монголын оюутан залуучуудыг Норвеги улсад суралцуулах боломжийг нэмэгдүүлэх, оюутан солилцооны хөтөлбөрийг  хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа  тэмдэглэв.

Цог жавхлант Хаан V Харалд Монгол орны талаар Монголд айлчилсан өөрийн хүү, Угсаа залгамжлах Хунтайж Хаакон болон анд нөхдөөсөө олонтой сонсож байснаа дурсаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Б. Энхмандах Норвегийн Цог жавхлант Хаaн болон Норвегийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.
    
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж