32 хүүхдийн дунд нэг угаалтуур байна

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

32 хүүхдийн дунд нэг угаалтуур байна

Аймгийн МХГ-аас явуулсан шалгалтын үеэр “Үдийн цай”-нд хамрагдаж буй сурагчдын бие засах газрын эрүүл ахуйн шаардлага, гар угаах нөхцөл усан хангамж, ариутгал халдваргүйтгэлийн ажлын чанар сайн биш гарчээ. Ялангуяа суултуурын тоо, түүний тохироц, гар угаах гоожуурын хүрэлцээ туйлын хангалтгүй байж. Улиастай сумын хэмжээнд авч үзэхэд 32 хүүхдийн дунд нэг гоожуур, 76 хүүхдийн дунд нэг суултуур оногдож байна.

Үдийн цайнд орохын өмнө бие засаад, гараа угаагаад, цайгаа ууна гэхэд багаар бодоход нэг ангид 2,5 цаг шаардагдаж байна. Ийм их цаг зарцуулахгүйн тулд сургуулиуд ангиудаа зарим өдөр гар угаах, зарим өдөр нойтон сальфетикээр гараа арчих зэргээр хуваарь гарган зохицуулж байгаа ба ихэнх тохиолдолд гараа дутуу угаах байдал ажиглагдсан байна. Цайгаа уудаг аяганы хувьд Чандмань-Эрдэнэ, Жавхлант цогцолбор, III дунд сургуулиуд сургууль дээрээ аягыг стандартын дагуу угааж, ариутган хатааж, хадгалж хэвшсэн Дэвшил, Бүрэн дунд IV сургуулиудын хүүхдүүд өөрсдөө аягаа тусгай уутанд авч явдаг түүний цэвэрлэгээ ариун байдалд нь сургуулийн эмч, Үдийн цай хөтөлбөрийн хяналтын зөвлөл, ахлах ангийн сурагчдаар нь хяналт тавиулж хэвшсэн.  Сургуулиуд сургуулийнхаа  бие засах газарт ариутгал халдваргүйтгэлийг  тогтмол хийдэг гэж сургуулийн удирдлагууд хэлсэн байна. Шалгалтын үеэр ч энэ нь батлагдсан байна.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж