Хяналт шалгалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Хяналт шалгалт хийлээ

Монгол улсын Засгийн газраас ЕБС-ийн сурагчдын  нас, бие бялдрын хэрэгцээнд тохирсон, чанар,   эрүүл ахуйн шаардлага хангасан үдийн цайгаар хангах зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудад 2006 оноос эхлэн “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Бага ангийн сурагчдыг үдийн цайгаар хангах, зардлыг төрөөс  санхүүжүүлэх шийдвэр гарган мөрдөж өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ЕБС-ийн 1-5-р ангийн 274 мянган сурагч  үдийн цайны үйлчилгээнд хамрагдаж байна.
Шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан  Монгол улсын шадар сайдын баталсан  удирдамжаар Монгол улсын Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор батлагдсан “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд хүнс, хоол үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний хангалт, үдийн цай хөтөлбөрийн хүрээнд бүтээгдэхүүн нийлүүлж  буй тендерээр шалгарсан аж  ахуйн нэгжүүд болон Ерөнхий боловсролын сургуулиудад улсын хэмжээнд шуурхай үзлэг шалгалтыг  хийлээ.

Шалгалтын хүрээнд хоол үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний  болон хангалт,  бүтээгдэхүүн нийлүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага,  Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих, тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг бэлтгэл ажлыг хэрхэн  хангаж буйг шалгасан юм. Энэ ажлын хүрээнд Завхан аймгийн төв Улиастай сумын ЕБС-ийн гуанз, цайны газрууд, “Үдийн цай”-нд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдэд аймгийн МХГ-аас хяналт шалгалт хийлээ.

Шалгалтанд Улиастай сумын Ерөнхий боловсролын таван сургуулийн гал тогоо, цайны газрууд, найман аж ахуйн нэгж хамрагдлаа.    Шалгалтанд хамрагдсан таван сургуульд нийт 11 мэргэжлийн тогооч  ажиллаж байгаагаас нэг тогооч  нь нэг,  10 тогооч нь  хоёроос дөрөвдүгээр зэрэгтэй байна. Тогооч нар нь хоол бүр дээр технологийн карт боловсруулан мөрдөж, хоол үйлдвэрлэлийг батлагдсан жор технологийн дагуу хийж, гүйцэтгэж байгаа боловч хоолны газруудад  дотоодын хяналтын тогтолцоо бүрдээгүй байсан байна. Улиастай сумын “Чандмань-Эрдэнэ” цогцолбор, III дунд сургуулийн гал тогоо нь эрх бүхий байгууллагаас баталсан зураг төслийн дагуу баригдсан, талбайн хэмжээ, бүтэц зохион байгуулалт нь технологийн зөв урсгал, /цэвэр бохир усны төвлөрсөн шугаманд холбогдсон / хангасан, Жавхлант цогцолбор сургуулийн гал тогоо нь зориулалтын дагуу баригдсан барилга байгууламжтай боловч зөөврийн усан хангамжтай,  Дэвшил, IV бүрэн дунд сургуулийн гал тогоо нь зориулалтын бус, зөөврийн усан хангамжтай байранд үйл ажиллагаа явуулж байжээ. Бүх сургуулиуд гал тогооныхоо үйлдвэрлэлийн болон үйлчилгээний зориулалтын тоног төхөөрөмж, сав  хэрэгслийн хүрэлцээ, хангамжийг  сайжруулах талаар анхааран ажиллаж өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан цаашдаа “Үдийн цай”-г “Үдийн хоол” болгоход өөрсддөө хоол бэлтгэх нөхцөл бололцоог хангах талаар санаачлагатай ажиллаж  байна. Мөн сургуулиудийн бэлтгэдэг ундааны зүйл болон Үдийн цайнд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүд хоолны үйлдвэрлэлд хэрэглэж байгаа мах, гурил, будаа, сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, ургамлын тос зэрэг түүхий эд материалыг  лабораторийн шинжилгээнд оруулж, чанар аюулгүй байдлын талаар  дүгнэлт гаргуулж хэвшсэн байна хэмээн дүгнэгджээ.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж