Булган хангайн алдартнууд

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Булган хангайн алдартнууд

Булган аймаг алдартан, анхдагчуудын өлгий нутгийнхан. Учир нь манай аймгаас харьяат анхдагч алдартан 20 шахам, улсын ба хөдөлмөрийн баатар 30 орчим, гавьяат цолтон 60 гаруй, эрдэмтэн, доктор 110 гаруй төрсөн байдаг. Мөн Могод сумын Хөл асгатын чулуун хөшөө, Баян-Агт сумын Елтерес Кутлуга хааны цогцолбор, Сайхан сумын Моюунчур хааны гэрэлт хөшөө, Дашинчилэн сумын Кидан гүрний үеийн хар балгас, Цогт тайжийн цагаан ордон, гэрэлт хөшөө, Азид томоохонд тооцогддог Цагаан суварга, Диваажин зэрэг түүх дурсгалын газар олонтой.

Жүгдэрдэмидийн Гүррагчаа:
Булган аймгийн Гурванбулаг суманд 1947 онд төржээ.1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцаад, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. 1978 оноос тэрээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. 1981 оны 3 сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ -ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Сансарт ниссэн дэлхийн 101 дэх хүн юм. Тэрээр 2000 – 2004 онд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаад 2004 онд УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт нэр дэвшин өрсөлдөж УИХ-ын гишүүнээр сонгогдсон. ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар цолоор шагнагджээ.

Лхамсүрэнгийн Энэбиш /1947-2001/
Булган аймгийн Монгод суманд 1947 онд төржээ. 1970 онд МУИС-ийг барилгын инженер мэргэжлээр төгссөн. Тэрээр 1980-1983 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа ЭСЯ-нд мэргэжилтэн, 1983-1990 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны орлогч дарга, АДХ Тэргүүлэгчдийн дарга, 1992-1996 онд УИХ-ын гишүүн, 1992-1993 онд Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, Засаг захиргааны сайд, 1993-1996 онд Монгол улсын шадар сайд, Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын дарга, 1993-1997 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2000 оны долдугаар сараас УИХ-ын гишүүн, УИХ-ын даргаар тус тус сонгогдон ажиллаж байгаад 2001 оны 9 сарын 29-нд өвчний улмаас нас барсан.

Найдангийн Түвшинбаяр
Монгол Улсын анхны Олимпийн аварга болсон тамирчин. 1984 оны 6-р сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн. Аварга Биеийн Тамирын Дээд Сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Жүдо бөхийн спортоор 18 наснаасаа эхлэн хичээллэсэн. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Парисын дэлхийн цомын тэмцээний хүрэл медальт, Улсын аварга. Үндэсний бөхийн аймгийн арслан цолтой. 2008 онд Олимпийн наадамд анх удаагаа оролцож Монгол Улсын түүхэнд анх удаа Олимпийн аварга болсон. 2008 оны 8-р сарын 14-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон, Алтан гадас одон, Монгол Улсын гавъяат тамирчин цолоор шагнасан.

Ишдоржийн Доржсамбуу
Булган аймгийн Гурванбулаг суманд 1972 онд төржээ.  Үндэсний бөхийн Улсын гарьд цолтой. Тэрээр 1995 онд тав давж, Улсын начин цол, мөн онд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 360 жилийн ойн даншиг наадамд найм давж, үзүүрлэн, Улсын заан цол хүртсэн ч тун удалгүй “Улсын наадмаас өөр барилдаанд цол олгохгүй” гэсэн дүрэм гарч, заан цолоо хураалгажээ. 1996 онд тав давж, “Өсөх идэр” чимэг хүртсэн. 2001 онд долоо давж, Улсын заан цолтой болжээ. 2002 онд тав давсан, 2003 онд “Цогт гарамгай” чимэг, 2006 онд зургаа давж, “Саруул сайжрах”, 2007 онд найм давж, үзүүрлэн Улсын гарьд цолд хүрчээ. 2008 онд тав давж, шөвгөрч байсан.

Цагааны Цэгмид/1905-1963/
Монгол Улсын ардын жүжигчин цолыг анхлан буюу 1942 онд хүртсэн, театр, киноны жүжигчин юм. Тэрээр 1905 онд Булган аймгийн Сайхан сумын нутаг Хульжийн голын Хөх бууц өвөлжөөнд төрсөн бөгөөд жинхэнэ нэрийг нь Манджавын Батсүх гэдэг байв. 7 настайдаа хүндээр өвдөхөд нь нэрийг нь сольсон аж. Багадаа гэр бүлийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд шилжин суурьшжээ. Ц.Цэгмид 1932 онд Төв Театрт жүжигчнээр ороод насан эцэслэх хүртлээ ажилласан. Нэрт жүжигчин маань 1963 онд уушигны өвчний улмаас бие баржээ. Хүү Ц.Төмөрбаатар (МУГЖ), Ц.Төмөрхуяг(МУСТА) нар нь мөн аавынхаа мэргэжлийг өвлөж, олонд танигдсан жүжигчид болцгоосон билээ. Тэрээр 1932 онд “Сүхбаатар” монголын уран сайхны киноны С юй Шү Жан, Эрдэнэ гүний дүрд, 1945 онд “Цогт тайж” киноны Цогт тайж, 1955 онд “Улаанбаатарт байгаа миний аавд” киноны манаач өвгөн, “Нүгэл буян” киноны Нямжав, “Сэрэлт” киноны лавлаа Дашийн дүрээр олоны танил болсон уран бүтээлч.

Булган аймгаас төрсөн алдартнууд:
* Найдангийн Түвшинбаяр – Монгол улсаас төрсөн олимпийн анхны аварга
* Шагдарын Намхай (Сандаг-Очир) – Үндэсний бөхийн аварга
* Лувсанжамбаа (Гомбо) – Үндэсний бөхийн аварга
* Д.Даваажав – Монгол улсын анхны хөдөлмөрийн баатар цолтон
* Цагааны Цэгмид – Монгол улсын ардын жүжигчин
* Цэгмидийн Төмөрбаатар – Монгол улсын гавьят жүжигчин
* Хишигбатын Эрдэнэт-Од – Монгол улсын Гавъяат тамирчин
* Сэрээтэрийн Цэрэн – Үндэсний бөхийн даян аварга
* Бямбын Жамъяндорж – Үндэсний бөхийн улсын арслан
* Чимэг-Очир буюу Дэдийн Жамц – Үндэсний бөхийн улсын арслан
* гарьд буюу Хэхрэнгийн Жамц – Үндэсний бөхийн улсын арслан
* Жавын Намжил – Үндэсний бөхийн улсын арслан
* Дагвадоржийн Азжаргал (нутгийн уугуул) – Үндэсний бөхийн улсын арслан
* Бат-Очирын Жанчивдорж – Үндэсний бөхийн улсын заан
* Бүрхэг Дэндэв – Үндэсний бөхийн улсын заан
* Жамцын Лувсанбалдан – Үндэсний бөхийн улсын заан
* хурган Дэмид – Үндэсний бөхийн улсын заан
* Хэхрэнгийн Цэвээн-Очир – Үндэсний бөхийн улсын заан
* Чойжав тэргүүний Мандаа – Үндэсний бөхийн улсын заан
* Дэлгэрийн Содном – Үндэсний бөхийн улсын заан
* А.Моломжамц – Үндэсний бөхийн улсын заан
* Сээрэндунгуй Пүрэва – Үндэсний бөхийн улсын начин
* Буянхишигийн Ойдов (Бархаан) – Үндэсний бөхийн улсын начин
* Балдан – Үндэсний бөхийн улсын начин
* хавтгай Даржаа – Үндэсний бөхийн улсын начин
* Балдангийн Өлзий (Саргай) – Үндэсний бөхийн улсын начин
* Мягмаржавын Болдбаатар – Үндэсний бөхийн улсын начин
* Пүрэвсүрэнгийн Ганбаяр – Үндэсний бөхийн улсын начин
* Балдангийн Норов – Үндэсний бөхийн улсын начин
* Дамдинжамцын Жадамбаа – Үндэсний бөхийн улсын начин
* Содномын Бадрах – Үндэсний бөхийн улсын начин
* хавтгай Даржаа – Үндэсний бөхийн улсын начин
* Жадамбын НЭХИЙТ – Улсын баатар
* Ж.Лхагвасүрэн – Залуу жанжин, Улсын баатар
* Надмидын БЯМБАДОРЖ – Монгол улсын гавьяат уурхайчин, Доктор Ph.D

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж