‘Google’ удахгүй Хятадыг орхиж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

‘Google’ удахгүй Хятадыг орхиж магадгүй

‘Google’ корпораци Хятад дахь хайлтын программаа хааж Хятадаас гарч магадгүй гэж “Си Эн Эн” мэдээллээ.  Эх сурвалжид ойр хүмүүсийн мэдээлж байгаагаар ‘Google’-д сурталчилгаагаа тавьдаг компаниудад ‘Google’ Хятадаас гарч магадгүй тул өрсөлдөгч компани болох ‘Baidu Inc’ компанитай хамтран ажиллах нь зүйтэй гэсэн зөвлөмж өгч байгаа бололтой.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ‘Google’ корпорацийн Gmail мейл хаягууд руу хууль бусаар нэвтрэх гэсэн маш өргөн цар хүрээтэй кибер халдлага Хятадаас хийсэн тул энэ оны нэгдүгээр сарын 12-нд ‘Google’ бүх хэрэглэгчдээ интернэтэд зорчиход ямар нэг саад хийхгүй гэдгээ мэдэгдсэн.
Дээрх алхам нь Хятадын Засгийн газрын цензурийн талаарх хууль тогтоомжийг зөрчсөн гэсэн тул ‘Google’ Хятадын Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суугаад байгаа. Хятадын цензурийн хуулиар Засгийн газрыг шүүмжилсэн, порнограф дүрслэлтэй болон шашны агуулгатай зүйл интернэтээр үзэхийг хориглодог юм байна.
‘Google’ корпорацийн хэвлэлийн төлөөлөгч эмэгтэй яриа хэлэлцээ ямар шатанд яваа болон ямар хүрээг хамарч байгаа талаар дэлгэрэнгүй хэлэхээс татгалзсан хэдий ч, ‘Google’ аливаа мэдээлэл рүү хандах хандлагыг хязгаарладаггүй, нээлттэй хандлагын вэб сайт байх хүсэл эрмэлзэлтэй хэвээр байгаа гэдгийг давтан илэрхийлсэн. Хятадтай хийж байгаа яриа хэлэлцээрийн үр дүнгийн талаар ‘Google’ удахгүй мэдээлнэ гэж мэдэгдсэн.
“Бид ямагт цензурдэхийн эсрэг бөгөөд бид өөрчлөлт хийх болно. Одоо дэлгэрэнгүй тодруулах боломжгүй байна. Гэхдээ бид хэдэн сар биш, хэдэн долоо хоногийн дотор энэ талаар мэдээлэх болно” гэж ‘Google’ корпорацийн хэвлэлийн төлөөлөгч Jill Hazelbaker нэмж тодруулсан.
Энэ мэдэгдэлтэй холбоотойгоор ‘Google’-ын хувьцааны ханш гурван хувиар унаж өрсөлдөгч ‘Baidu’ корпорацийн хувьцааны ханш долоон хувиар өссөн байна. Хятадад ‘Google’ ноёлох байр суур эзэлдэггүй. ‘Google’ Хятадын интернэтийн хайлтын зах зээлийн гуравны нэг орчим хувийг хянадаг бол ‘Baidy’ корпораци 64 хувийг эзэмшдэг байна.
Т.Ариунсанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж