Н.Энхээгийн ажлыг солих байтугай халах ёстой байсан гэж ТЕГ үзэж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Н.Энхээгийн ажлыг солих байтугай халах ёстой байсан гэж ТЕГ үзэж байна

Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан Нэргүйн Энхээ ажлаасаа хууль бусаар халагдсан гэж үзэн суулт зарласан. Энэ талаар Татварын ерөнхий газраас тодорхой тайлбар гаргажээ.

Уг тайлбарт:

-Н.Энхээ Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргаар найман  жил ажиллахдаа төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулж ая тухтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх, компьютер техник хэрэгслээр хангах талаар наад захын ажлуудыг хийгээгүй, үр дүнгийн урамшууллын гэрээний хуваарилалтын “гаж” тогтолцоо бий болгож, урамшууллын хөрөнгийн 50 хувийг зөвхөн өөрөө авч завшсан, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, хамт олны эрх ашгийг хохироож байсан баримтууд бий. Нэг жилийн ажлын үр дүнгээр нэг хүнд 42 сая төгрөгийн урамшуулал олгодог ямар эрх зүйн баримт бичиг байна вэ? Орлого бүрдүүлэхэд дан ганц хэлтсийн даргын оролцоо 50 хувь байх боломжгүй, ингэхдээ хуурамч бичиг баримт ашигласан тул ажлыг нь өөрчлөхөөс аргагүй байсан. Гэтэл  шинээр томилогдсон хэлтсийн даргыг элдвээр доромжилж, гүжирдэн гүтгэж  бусдыг дарамталж байгаа нь  хувийн эрх ашигтай нь шууд холбоотой. Үндэсний татварын албаны ажилтнуудыг томилох, шилжүүлэх, сэлгэж ажиллуулах, чөлөөлөх тухай батлагдсан журам байдаг. Тэр л журмаар Н.Энхээг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргаар шилжүүлэн томилсон хэрэг. Н.Энхээ Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын нэр барьж, “би хамгаалалттай хүн” гэх зэргээр овилгогүй, харгис, бүдүүлэг, бодлогогүй зан авир гаргадаг нь, төрийн албан хаагч хүнд  дэндүү зохимжгүй байгааг албан ёсоор сонордуулахаар энэхүү “Албан мэдэгдэл” –ийг гаргаж байна гэжээ.
Мөн “Н.Энхээ нь зарим үед  сэтгэц нь эрүүл эсэхэд ч эргэлзмээр зан авир гаргадаг ажээ. Н.Энхээгийн энэ бусармаг үйлдлийг хаацайлж, зөрчил дутагдалтай нь эвлэрч, ил далд дэмжлэг үзүүлж өнөөг хүргэсэн буруутай байгууллагуудын тоонд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Татварын Газар, мөн Татварын Ерөнхий Газар ч  зүй ёсоор орно. Тиймээс дээрх байгууллагууд энэ алдаандаа бодитой дүгнэлт хийж, Н.Энхээг төрийн албанаас  халах нь шударга үнэнд нийцнэ гэж үзэж байна” гэж уг мэдэгдэлд онцолсон байна.
Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж