Утаагүй түлшний төсөл бичиж мөнгө ”Цохьё”

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Утаагүй түлшний төсөл бичиж мөнгө ”Цохьё”

Монголын улс төрчид жилийн дөрвөн улирлын онцлог болсон асуудлыг өлгөж аваад ярьсаар байгаад л тухайн улирлаа дуусгадаг нь гэм биш зан. Хаврын улиралд газар тариалан, хур тунадас, өнгөрсөн өвлийн ган гачиг гэсэн ерөнхий өргөн хүрээнд асуудлаа ярьдаг. Харин зундаа бөх, морь, айраг цагаа гээд ярихаасаа илүү амраад таардаг. Намар бол тэдний хувьд зун мартагдах шахсан дүр төрхөө ард түмэндээ сануулах гэж санаанд орсон болгоноо өлгөн авч ажил малчдын өвөлжилт, хотын бидний утаа, тог, халуун дулааны асуудлыг ярьсаар хавартай золгоно. Тэдний хувьд ажил хийх нь чухал биш. Гол нь ийм байна, тэгэх хэрэгтэй гэсэн ерөнхий зүйлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа ярихад оршино. Тэдний гол ажил нь ярих. Хийх талаар бол мөрөөдөөд ч хэрэггүй. Энэ дундаас хамгийн их ярьдаг, хөрөнгө цацдаг нь Улаанбаатарын утааны асуудал. Жил болгон утааны асуудал хотынхны сэтгэлийн шаналал болдог бол улстөрчдийн хувьд мөнгө олох, нэр хүндээ өсгөх  том ажил болдог юм. Их ч хөрөнгө төсөвлөнө. Тэр нь хаашаа алга болдгийг иргэд мэдэхгүй. Гэхдээ тодорхой хувь нь утаа бага гаргадаг түлш, зуухны  төсөлд шингэдэг шиг байгаа юм. Тэгэхээр одоо Монголд бизнес эрхлэх санаатай байгаа хүмүүс бол “Утаагүй түлшний үйлдвэр” гэсэн нэртэй төсөл бичих хэрэгтэй. Гол нь зөв хүндээ л хандаж чадвал их мөнгө олж чадна шүү. Төслөө авчихаад хөөцөлдөж өгсөн хүндээ 10 хувийг нь өгөхгүй бол дараагийн төсөл хөтөлбөрт ялалт байгуулна гэж саналтгүй. Мэдээж мөнгөө авчихсан юм чинь утаагүй түлшний үйлдвэрийнхээ нээлтийг нүсэр хийх нь чухал. Нээлтийн ёслолын тууз хайчлах хэд хэдэн улс төрчдийг уриад авчирчих. Тэднийг чинь дагаад телевизийнхэн цувна. Энэ нь таны нэр хүндэд хэрэгтэй. Ядахдаа л үнэгүй сурталчлаад өгнө шүү дээ. Би ч гэсэн дутахгүй. Утаагүй  түлшний төсөл бичиж мөнгө цохьё гэж шийдлээ.


Б.ЭНХМӨНХ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж