Ш.Түвдэндоржид “мөргүүлчихнэ” чинээ санаагүй биз

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Ш.Түвдэндоржид “мөргүүлчихнэ” чинээ санаагүй биз

УИХ-ын гишүүн С.Эрдэнийг Нийслэлийн Ардчилсан намын даргаар ажиллаж байх хугацаанд түүнд хамгийн их “аллерги”-тай байсан хүн нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин. 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нэг тойрогт нэр дэвшсэн намынхаа залууг “MCS” компаниас санхүүждэг хэмээн гүтгэснээс болж үүссэн ан цав өдгөө уул овоо мэт өсч төлжөөд байгаа билээ. Тиймээс өнгөрөгч бямба гаригт болсон Нийслэлийн Ардчилсан намын хурлыг тус намын дарга С.Эрдэнэ зориудаар Х.Тэмжүүжин гишүүний эзгүйд зохион байгуулав хэмээн намынх нь зарим нэг нөхөд хардаж байна. Учир нь Х.Тэмүүжин гишүүн өнгөрсөн долоо хоногт Ховд аймгийн зүүн бүсийн сумдын Ардчилсан намын чуулга уулзалтад оролцоод эзгүй байсан аж. Харин Нийслэлийн Ардчилсан намын гишүүд олонхийн саналаар намын даргадаа итгэл үзүүлэхээс татгалзсаны дараа түүний нэрийг намын даргад дэвшүүлсэн авч, гишүүн өөрөө эзгүй байсан тул нэр дэвшигчдийн жагсаалтаас хасагджээ.

Гэсэн хэдий ч Нийслэлийн нам дотор өөрийн гэсэн залуучуудын фракцийг бий болгож амжсан, мөн намын даргад өрсөлдөх магадлал хамгийн өндөртэйд тооцогдож байсан Х.Тэмүүжин гишүүнийг эзгүйчилсэн энэ хуралдаан С.Эрдэнэ даргад ч мөн ээлээ өгсөнгүй. Ж.Батзандан өөрөө нэрээ татаж, Х.Тэмүүжинг нэрсийн жагсаалтаас хассан энэ сонгуулиас МоАХ-ны дэд тэргүүний сонгуультай Ш.Түвдэндорж цойлон гарч, С.Эрдэнэ даргыг “мөргөв”. Мэдээж хэрэг Нийслэлийн Ардчилсан намын экс дарга МоАХ-ын угшлаа ч бодсон гэсэн Ш.Түвдэндоржид мөргүүлнэ чинээ санаагүй бололтой. Тиймээс ч мань хүн сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй, Хяналтын ерөнхий хороонд хандана хэмээн хурал хаяв бололтой.

Г.Дарь    
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж