Дэлхийн аялал жуулчлалын 31 дахь өдрийг угтан “Өвөрхангай аймгийн аялал жуулчлал эрхлэгчдийн III зөвлөлдөх уулзалт”-ыг энэ сарын 17-нд Хархорин сумын "Мөнх-Тэнгэр" жуулчны баазад зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтанд холбогдох хэлтэс, агентлагууд, Эрдэнэ-Зуу, Хархорин музейн захиргааны удирдлагууд оролцох ба Өвөрхангай аймагт бизнес эрхлэх үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, зочид буудал, малчны нөхөрлөлүүдийн төлөөлөл оролцлоо. Зөвлөгөөнөөр аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, цаашдын зорилт, Орон нутгийн төсөвт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй, нэгжүүдийн татвар төлөлтийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ, Аялал жуулчлалын салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль, дүрэм, журмын хэрэгжилт зэрэг сэдвээр зөвлөлдөхөөс гадна аж ахуй нэгжүүдийг орон нутгийн харъяалалд оруулах, татвар төлөлтийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх асуудлыг шийдвэрлэх талаар харилцан санал бодлоо солилцсон байна. Өвөрхангай аймагт аялал жуулчлалын 30 гаруй байгууллага, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ зун 13 мянга орчим жуулчид хүлээн авчээ.
Б.Батчимэг