Сумдууд интернэтэд холбогдож эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

Сумдууд интернэтэд холбогдож эхлэв

Манай аймгийн долоон сум шилэн кабелиар холбогдсон өндөр хурдны интернетэд холбогдлоо. Монгол улсын Харилцаа Холбооны зохицуулах хорооноос “Сумдын төвд интернэтийн үйлчилгээ хүргэх” төслийг хэрэгжүүлж, төслийн гүйцэтгэгчээр “Мобиком”, Скай Си энд Си ХХК-иуд шалгарсан байна. 878,670 ам долларын санхүүжилт бүхий уг төсөлд 8 аймгийн 34 сум хамрагдаж байгаагаас Өвөрхангай аймгийн хувьд Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол, Арвайхээр гэсэн долоон сумын төвд нийтийн үйлчилгээний зориулалттай интернет төв  болон зарим ерөнхий боловсролын сургуулиудад  интернетийн тоног төхөөрөмжийг суурилууллаа. Төслийн хэрэгжилт нь таван жилийн хугацаатай байх бөгөөд сургуульд ашиглагдах өндөр хурдны  интернэтийн үйлчилгээний эхний жилийн төлбөрийг чөлөөлжээ. Бусад интернэт үйлчилгээ нь Улаанбаатар хотын үнэ тарифтай ижил байх бөгөөд интернэт, РС тоглоом, принтер, скайнер, хувилагч, хот хооронд болон улс хоорондын яриа зэрэг үйлчилгээг хүргэнэ.
Энэ удаад дээрх нэг бүхий сумдыг сонгосон ч цаашид Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос бүх сумдад шилэн кабелиар холбогдсон өндөр хурдны интернэтийн үйлчилгээг хүргэж, хэрэглээг өргөсгөх зорилгоор шугамын түрээсийн төлбөр, интернэт урсгалын бөөний үнэ тарифийг бууруулах, хэрэглэгчийн боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ албаны хүмүүс мэдэгдэж байв.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж