Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газрын дарга, комиссар С.Цогтбаатар нараар ахлуулсан 21 хүний бүрэлдэхүүнтэй Улсын онцгой комиссын ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна. Тэд аймгийн онцгой комиссын хуралд оролцож гамшгийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, өвчлөлийн байдалтай танилцсаны дээр өвчний голомт бүхий сумдад ажиллаж байна. Ажлын хэсэг шүлхий өвчинтэй тэмцэхэд орон нутагт тулгамдаж буй төсөв хөрөнгө, хүн хүч, хөдөлмөр хамгаалал, тусгай зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, вакцин зэрэг асуудлыг багцлан боловсруулж Засгийн газар, холбогдох яам, агентлагт уламжилсны зэрэгцээ орон нутагт шуурхай хэрэгжүүлж ажиллах тодорхой үүрэг даалгаврыг өгсөн байна.