
Засаг даргын захирамжаар, аймгийн дөрвөн сумдын нутагт гарсан малын шүлхий өвчний улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэл тогтоон ажиллаж байна. Тодорхойгүй хугацаанд орох гарах хөдөлгөөнд хязгаарлалт хийж, шүлхий өвчний голомт бүхий Чулуунхороот, Чойбалсан, Матад, Булган сумдад хорио цээрийн дэглэм тогтоосон. Мөн томоохон гүүр, гол замд хөдөлгөөнт болон байнгын эргүүлийг хүч нэмэгдүүлэн ажиллуулж байгаа. Өнгөрсөн 10 гаруй хоногт шүлхий өвчтэй 470 гаруй бод малыг устгаж, устгалын зургаан цэгт дарж булан ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ. Дээрх сумдад шүлхий өвчний найман голомт байгаа бөгөөд эдгээрт 15 мянган толгой мал, 88 өрх айл (153 хүн) байгаа мэдээлэл байна. Уг өвчнийг шинж төлөвөөр нь мэргэжлийн байгууллагаас “О” хэвшлийн малын гоц халдварт өвчин гэж оношлоод байна. Дорнод, Сүхбаатар аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулж, уг нөхцөл байдлыг Засгийн газар тусгайлан авч холбогдох арга хэмжээг шуурхай авч байна. Эхний ээлжинд Дорнод аймагт 50 сая төгрөгийг шийдэж өгч, өмнөх шүлхийтэй холбоотой хөрөнгө санхүүгийн асуудлыг анхаарч, цаашид өвчний голомтыг хумих, улмаар таслан зогсоохтой холбоотой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мөн аймаг орон нутагт зөвлөн туслах ажлын хэсгийг ажиллуулж байна. Уг ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле ахалж байна. Засгийн газраас 5.6 сая малыг вакцинжуулах хөрөнгийг шийджээ. Манай улс Энэтхэг, ОХУ-аас шүлхийн вакцин авч, хэрэглэж ирсэн бөгөөд энэ удаад Англи руу дээж явуулаад байгаа гэнэ. Аймгийн онцгой комисс, мал эмнэлэг, холбогдох албаны эмч мэргэжилтнүүд мал доголох, шүлс гоожих зэрэг ямар нэг сөрөг зүйл ажиглагдвал сум багдаа яаралтай дуулгаж, өвчтэй байж болзошгүй малыг тусгаарлахыг зөвлөв. Мөн хашаа хороогоо ариутгах, зээрийн бэлчээр сүрэгтэй малаа ойртуулахгүй байж, хараа хяналтаа сайжруулах ёстойг анхаарууллаа.