Өнөөдөр Монгол Улс 21 аймаг, 331 сум, 1536 багтай. Харин нийслэл Улаанбаатар хот есөн дүүрэг, 132 хороотой билээ. Нийслэлийн алслагдмал дүүрэг болох Багахангай 3015 хүн амтай бол Сонгинохайрханд 250 241 хүн аж төрж, хамгийн өнөр дүүргээр тодроод байгаа юм. Гэтэл манай улсын хамгийн өнөр сум 88 мянган хүн амтай. Харин хамгийн цөөн хүн амтай суманд 879 хүн аж төрж байна гэхээр дэндүү харьцангуй тоо харагдана. Гэтэл өнгөрсөн 2009 онд нийслэл Улаанбаатар хотод хөдөө орон нутгаас 40 мянган хүн нүүн ирж суурьшжээ. Энэ нь нэг сумын хүн амыг дунджаар 3000 гэж тооцвол 13 сум эзгүйрэн үлдсэн гэсэн үг юм. Одоогоос гурван жилийн өмнө 18 мянган хүн амтай байсан Увс аймгийн Тэс суманд өдгөө 2500 хүн л нутгаа сахин үлджээ. Ингээд бодохоор Монголын алс хязгаар нутаг эзгүйрэх аюул хаяанд иржээ. Төрж өссөн нутгаа унаган иргэдээс илүү мэдэх, хамгаалан өмгөөлөх хүн нэгээхэн ч үгүй. Тиймээс хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааг өөд нь татах, хүмүүсийг хөдөөд ч ая тухтай амьдруулан тухайн орон нутагтаа тогтвор суурьшилтай аж төрөхөд нь туслах зорилгыг “Тогтвортой амьжиргаа II” төсөл өвөрлөдөг юм. Тус төслөөс хөдөөгийн хүн амын эрүүл мэнд, боловсрол, ая тухтай амьдралыг хангах чиглэлээр ихээхэн анхаарч иржээ. Тухайлбал сумдад халуун ус барих, худаг гаргах, хуучин худгийг сэргээн засварлах, эмнэлэгт нь тоног төхөөрөмж болон унаа машин өгөх, малчдыг Иргэдийн нийтийн хуралдаа идэвхтэй оролцдог болгох чиглэлээр олн арван ажил зохион байгуулж ирсэн байна. Түүнчлэн малчдын бүлгийг байгуулан хамтдаа тулгамдсан асуудлаа шийдэхэд нь туслах, өрхийн аж ахуй эрхэлж ахуй амьдралаа өөд татахад нь тусалж дэмжсээр ирсэн байна. Харин тус төслийн үр өгөөжийг хүртэх тал дээр харилцан адилгүй байгааг хойшид анхаарч ажиллах гэнэ. Жишээ нь өнгөрсөн онд Увс аймгийн Тариалан суманд улсын төсвөөс 205 сая төгрөг, 4-5 төрлийн төсөлд 118,3 сая төгрөг, хандив дотоодын нөөцөөс 34,5 сая төгрөгийн санхүүжилт авсан байхад Булган амйгийн Баян-Агт суманд улсын төсвөөс нэг сая төгрөг, Тогтвортой амьжиргаа төслөөс 16,2 сая төгрөг, хандив дотоодын нөөцөөс нэг сая төгрөгийн санхүүжилт цуглуулсан байх жишээтэй. Ийнхүү улсын төсөв болоод төсөл хөтөлбөрөөс авч буй хөрөнгийн хэмжээ нь харилцан адилгүй байгаа нь тухайн орон нутгийн иргэд, удирдлагуудын идэвх чармайлтаас ихээхэн шалтгаалж байгаа юм. Иргэд өөрсдөө идэвхтэй байж, тулгамдсан асуудлаа зөв тодорхойлж чадвал санхүүжилт хаанаас ч олдож болно гэдгийг дээрх жишээ харуулж байна хэмээн “Тотвортой амьжиргаа II” төслийн захирал А.Хашцэцэг хэлж байлаа.
Д.Цээнэ