Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

Дундговийн намар

    Хөх ногооны униар татсан хөхөмдөг цэнхэр талаа нэг сарын хугацаанд нар зөв  тойрохуйяа арван таван сумын зуу шахам айлаар бууж мордож амжлаа. Дундговийхон өнгөрсөн өвөл хаврын хатуу ширүүн зуд турхантай үзэлцэж  туйлдсан ч зун намрын зургаан сардаа найртай, наадамтай, айрагтай, найрагтай, бас зав чөлөөгөөр отор нүүдэл, өвс тэжээл, сүү сааль…гээд түмэн эхтэй ажилдаа үүртэж түүртсэн  юмгүй аль алийг амжуулж явна.
     Хэн нэгнийд буугаад газар нутгаар нь хаанахын айл болохыг мэдэх арга алга. Говьсүмбэр аймгийн нутагт уулзсан Улсын сайн малчин Ц.Пүрэвбаатар гэхэд л Дундговийн Гурвансайханых. Өгөөж буянтай Их газрын чулуу,  Баянбулгаар нутагтай энэ малчных гэхэд нутагтаа ойрын жилд өвөлжиж хаваржсангүй. Энэ жилийн голио царцаа, хорхой, шавьжны олон гэдэг тамтаг алга. Хар хорхойгоор бороо орсон газар ч бий. Харин  Пүрэвбаатар тун гярхай хүн юм. Дөрвөн хуруу ногооны хоёр хуруу хэртэйг голио, царцаа тайрсан  юм шиг идчихдэг. Бас таана зооглох дургүй, аль хэрэгтэй, өвлийн хоол болж газарт ургаагаар үлддэг “монгол”-ыг нь идчихийг яана гэж тэр ярьж сууна. Мөн цөлжилтийн гайгаар  бут болгоны нөмрөөр элсэн хунгар бий болсон, хоёр ижил бутны нэгний элсийг цэвэрлээд нөгөөг зүгээр орхиход элсгүй бут дараа жилдээ хачин сайхан ургаж байгааг ч ажиглачихаж.  Малын тоо хэд хүрч байгааг асуухад “Би малаа тоолдоггүй малчин” гэж адрах нь тэр. Тэгээд ямар сайн малчин байдаг юм хэмээн цаашлуулвал “Би  хонио нэг тойроод л бүрэн эсэх, аль нь дутууг зүсээр нь мэддэг” гэж сайрхлаа. Үнэндээ мянга таван зуун хонийг нэг тойроод зүсээр нь үгүйлнэ гэдэг хэрийн малчинд байхгүй онцгой чадвар  юм. Пүрэвбаатар жил бүр төл сайн бойжуулдаг. Яагаад гэхлээр хонио дөрвөн сарын аравдаас эхлэн төллөхөөр тооцож хээлтүүлэгт оруулдаг. Тэгэхлээр эх, төл зэрэг ногоонд залган амархан тэнхэрдэг гэнэ. Олон жил төл сайн байжуулсны нууц энэ гэнэ. Энэ зудтай жилд “Алтан хурганы эзэн”-д үзчих санаатайгаа тэр нуусангүй. Хүн зорилготой, өөрийгөө үнэлж чадаж байж амжилтанд хүрдэг аж.
    Цагаандэлгэр сумын С.Отгонтуяа сайн уяач, нэрд гарч яваа малчин.  Түүнийг цасан дороос шар хомоол малтаж явахад “Цагаа олж хомоол малтваа” гэлцсэн хүн бий.  Урин цагт бэлдээгүйдээ биш базааж хуримтлуулснаа өвөл ч гэсэн арвижуулах гэсэндээ л ингэж явж.  Отгонтуяа адууны шар хомоолын хүчинд хэдэн малаа зудад авч гарлаа. “Саалийн үнээ хомоолоор тэжээхэд төлхөн л цүндийгээд ирдэг. Өвснөөс ч илүү тэжээл болдог. Би чинь нүүсэн айлын гүүн зэлний ором эрээд давхидаг өвчтэй хүн. Нэг зэлнээс 8-10 шуудай хомоол хумичихна шүү дээ” гээд тэр инээж сууна. Хонины бэлчээр гүйцэхгүй нэг ухнандаа өглөөд хушуувч тэжээл өгч өдөр түмпэн шар хомоол тавиад байтал хэд хоноод л нүд нь бүлтийгээд ирсэн гэж байгаа юм чинь. Эхнэр Я.Долгорсүрэнгээ энэ мэт ажлын жор, технологийг тохируулдаг мэргэжилтэн гэж магтаад “Уул нь химийн багш боловч малчин заяадаа уруу татагдсан. Боловсролтой хүн аливаад хандах нь өөр юм билээ” гэж Отгонтуяа ярианы далимд хачирласан.
Эднийхээс холгүй Батсуурийн Баянмөнх гэж залуухан малчных бий. Худгийн дэргэд гар утсаар хэн нэгэнтэй ярьж байгаад тааралдсан энэ залуу шөнийн хоёр цаг хүртэл эхнэр Б.Хатантуултайгаа бэлчээрээ хаших шон түгжиж өглөөгүүр дугхийгээд явж байгаа нь тэр аж. Б.Баянмөнхийх Улаанбаатарын Баянзүрх дүүрэгт “SUNDAI” худалдааны төвд махны лангуу түрээслэдэг, тэндээ жилд 500-600 бог малыг ченжийн гар дамжуулалгүй борлуулдаг, бас хотод хүүхдүүддээ авсан байрны ойролцоох дэлгүүрт мах  худалддаг, зах зээлд дасан зохицсон айл юм.  Мал төллөх, ноос, ноолуурын цагаар 13-14 хүн цалинжуулаад ажиллуулчихдаг. Энэ нь нутаг усныхныгаа ажлын байраар хангах, хөдөлвөл хөлс авдаг амт шимтийг мэдрүүлэх нэг арга. Б.Хатантуул ХААИС төгссөн бэлчээр, ургамлын агрономич, бас фермерийн менежер, менежментийн чиглэлээр дотоод гадаадад хэд хэдэн дамжаад суралцаад авсан. Тэгээд ч зах зээлд хөлөө  сайн олоход нэмэр тус болоо биз,
Бадамын Пүрэв гэж мянгат малчин эмэгтэй Баянжаргалан суманд бий,  Нас жар гарсан ч малынхаа төлөө төрсөн юм шиг гав ганцаараа зүтгэж явдаг энэ эмэгтэй аль ерээд оны дундуур мянган малтны эгнээнд орж ирсэн. Түүнээс хойш гурван охин нь нас биед хүрч тус бүртээ айл гэр болоод бас л мал сүргээ өсгөн арвижуулж сум орондоо нэр сүртэй явна. Б.Пүрэв ерээд оны сүүлчээр мянгат малчин эзэгтэй нарын аймгийн чуулганд оролцоод мал сүрэг нь өсөн үржихийн бэлгэдэл болсон будаа дүүргэсэн саалийн модон хувин  бэлгэнд авч байсан бол үр хүүхэддээ тасдан өгсөн, тэр нь өсч үржсэн гээд олон мянгаар тоологдох болж. Бас мянган малчны улсын чуулга уулзалтад оролцоод олон сайхан танилтай болсноо Пүрэв бахархан ярьж “Их засаг” их сургуулийн захирал Н.Ням-Осор гэхэд л хачин танил болж сүүлд нэг уулзахдаа “Малчны алдар”  одон  зүүж өгсөнийг үзүүлж байна. Хашаа хороогоо байнга тордож өргөтгөж, өвс тэжээл базаан ер зүгээр суудаггүй ажилсаг нэгэн юм. Бүр сайн хашаа хороотой байвал нүүж зардал гаргаад хэрэггүй гэж үздэг. Тэгээд ч мөнгө төгрөгөө хашаа хороонд л зориулдаг. Ойр хавийн гурван ч хашааг худалдаад авчихаж. Нэг бүрийг гурван сая төгрөгөөр авсан гэнэ. Гурван хашаандаа хонио тасдаж цөөлөөд юмуу ээлжилж хэвтүүлээд байхад хонио хэвтрээр зутраахгүй онд оруулчихдаг.  Манай энд надаас өөр хонио мориор хариулдаг хүн алга болж дээ гэж тэр ярьж байна. Бидэнтэй уулзахдаа ч морио уначихсан хонио хариулж явсан. Уншигч та “Малчин хүн чинь морио унахгүй юүтай явах юм. Юү нь сонин байгаа юм” гэж магадгүй. Тийм биш ээ. Говьд эр эмгүй, хүүхэд, настангүй л “Журд” гэдэг унаагаар малдаа явдаг болсон. Тэр нь хятад мотоцикль. Өрх гэрээ толгойлж, бүх л ажил төрлөө бие даан үүрч яваа ийм малчин руу төр засгийн хайр шагнал чиглээсэй гэж эндээс бодогдсон шүү.
Дундговьчууд найр наадамд дуртай улс. Дэлгэрцогт сумын малчин Д.Гантөмөр өнгөрсөн сар шинээр хүртсэн “Улсын сайн малчин” цол хүртсэний мялаалгын наадмаа өгөөжит сайхан хангай Цахирын уулын тахилгатай хамтатган хийж байгаатай тааралдлаа.
-Энэ сайхан нутгийнхаа буянд л мал сүрэг маань өсч алдар цол хүртэж явна. Тэгээд ус нутгийхантайгаа энэ баярлаж хөөрсөн сэтгэлээ хуваалцаж хангай дэлхий, хан хурмастаа баярлуулахаар энэ наадмыг хийж байна. Хол, ойроос ах дүү, нутаг усныхан их олон цуглалаа.  Соёолон насны дөч гаруй морь уралдлаа. Адаацаг сумын малчин Г.Бүдсүрэнгийн хонгор үрээ хол түрүүлж хурсан олныг баясгалаа. 64 бөх барилдаж  шөвгийн наймд дандаа аймгийн цолтой бөх үлдэн цэргийн арслан Чулуундаваагийн хоёр хүү. Аймгийн начин Мөнхдаваа, Мөнх-Эрдэнэ нар  үзүүр түрүүг авлаа. Сэтгэл их өндөр байна гэж Д.Гантөмөр ярилаа.
Гантөмөртэй баз хүргэн, Аймгийн засаг дарга асан Ж.Адьяа “Амьдын диваажин Цахирын уул аа” гэж шүлэглэсэн нь хит дуу болж олон нийтэд түгсэн энэ нутаг үнэхээр өгөөж баян хангай юм. Харин Туулын жавар өвөлдөө Цахирын уулын зүүн сургаар хөндий даган орж ирдгээс малаа бултуулж зайлж бэлчээрлүүлвэл алздаггүй гэж Гантөмөр өгүүлнэ лээ.
Энэ баярт хүрэлцэн ирсэн Монгол улсын Ардын багш Д.Төмөр “Миний төрсөн газар энүүхэнд харагдаж байна. Энэ Цахирын уул үнэхээр дээр үеэс алдартай, жинхэнэ хонины нутаг. Нутагтаа айхтар зуд турхан болсныг сонсоод хэдий хотод суугаа ч сэтгэл сэмэрч байлаа. Харин дэлхий дэлэгнэж дэлгэр сайхан зун болж найрлаж наадаж байгаа энэ олон хүн зудыг мартсан шиг санагдаж сэтгэл цэлмэлээ. Гантөмөр сайхан наадам хийлээ”  гэж хуучиллаа.
Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо баг хэдийнээс сайн малчин олонтой. Хөдөлмөрийн баатар Ц.Дагва агсан  хэдхэн жилийн өмнө энд үлгэр дууриал болон аж төрж байсан. Түүнтэй хамт мал сүргээ адгуулж, “Төлөө бригад” байгуулан мандаж явсан түүний үе тэнгийхэн, үр сад өдгөө ч энд мянгаар тоологдох мал сүргээ адгуулан нэр алдраа дуурсгаж явна.  Дагва агсны гэргий   Б.Долгорсүрэн  одоо ч энэ нутагт мал сүргээ тэжээсээр байгаад бүрэн онд оруулчихаад  халтар хомоол нөөцлөх, өвс тэжээл базаах ажлаа өчүүхэн ч түүртэхгүй амжуулжээ. Далан нас хэдийн давсан ч  багаас сурсан малчны хөдөлмөрөөс залхахгүй, цаг мөчөөс өрсөн ажиллаж чөлөө гарвал суудлын “SUZUKI” машинаа өөрөө барин сумын төв орон хүнсний зүйлээ аваад ирж байх юм.  Хүү Д.Цогтбаяр нь аймгийн иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон, олны итгэл хүлээсэн сайн малчин бөгөөд Өвөрхангайн нутагт оторлон малаа  онд оруулчихаад хаа байгаа Говь-Алтай, Өмнөговь орж наадамдан уясан хүлэг нь дээгүүр хурдалж байгаа аж.
Энэ хавийхан баатар Дагва агсны үеэс суурин амьдралд төвхнөж өвөлжөөний, зуслангийн гэсэн хоёр сууц барьцгаасан гэнэ. Ц.Цэрэндорж, С.Баатардорж…  гээд цөм одоо зуны сууцандаа зусч намаржиж байна. Өвөлдөө өвөлжөөн дэх сууцандаа аж  төрцгөөнө. Долгорсүрэн гуай ч мөн өвөлжөөнөөсөө нэлээд зайтай зуслангийн тохилог байшиндаа ач, зээ нараа бужигнуулан зусч намаржиж байна.
Тэднийхээс холгүй Ц.Цэрэндорж гуайнх гэхэд өвөл, хавар тэжээж онд оруулсан таван даагаа бариад уячихсан, ач нар нь хөхүүртэй айраг цүл цүл бүлж туушаа дүүрэн айраг аягалан барьж байна.  Орон хотод аж төрдөг үр хүүхэд, ач зээ нар нь ирчихсэн зуны тохилог сууцын нь өргөчих  шахан шуугилдаж хуруудаж дэмбээдээд л…хул дүүрэн айргаар нэгнээ шахан баалаад л…
Сайнцагаан сумын Жагдалын Бат-Эрдэнийх гэхэд л Үйзэнгийн хэцэд гүүгээ барьчихсан налайж байна. Мал сүргээ онд сайн оруулсан айл ч нэг иймэрхүү зусалгүй дээ гэхээр шуугиж байх юм.
Мордоод явахад намрын айраг хамар сэтэртэл сэнхийгээд л…Ард дуниартсан боржгин аялгуугаар дуу хуур сонсдоод л… Дундговийхны найр намрын дунд сарын 17 хүртэл үргэлжилнэ гэж зарим нь ярилцана. Тэгээд л  Их залаа, Угтаалын уулан дээрээс ирэх өвөл, хаврын тэнгэрээ шинжчихээд нүүдлийн цуваа хөвөрнө дөө.
Ай хөөрхий, Дундговийн намраа гэж…

С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж