Малын хөлийн татварыг сэргээнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

Малын хөлийн татварыг сэргээнэ

Анх 1998 онд санаачлан бий болгосон ч ганцхан жил хэрэгжээд хүчингүй болсон малын хөлийн татварыг сэргээх талаар яригдаж эхэллээ. Малчид, мал бүхий иргэд гэдгээр нь ялгаварлах бус мал аж ахуй эрхэлж байгаа хэн бүхэнд оногдуулах уг татварын хэмжээг 6000 төгрөг хүртэл байж болох юм гэсэн төслийг холбогдох яам тамгын газрууд хэлэлцэж эхэлжээ. Уг татварыг бэлчээрийн татвартай давхцуулахгүй байх, нэрийн хувьд малын хөлийн татвар гэдгийг өөрчлөх гэхчилэн олон санал гарч байгаа аж. Ямартай ч ирэх онооос авч эхэлэх малын хөлийн татварын хэмжээг тухайн орон нутаг өөрөө тогтоох бөгөөд тэрхүү татвараа орон нутгийнхаа хөгжилд зориулах хувилбарыг илүүд үзэж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж өгүүлж байлаа. Өнгөрсөн өвлийн цас зуданд алдсан 9,8 сая малаа хасч тооцвол өдгөө Монголд 40 орчим сая толгой мал бий ажээ. Үүнийг хонин толгойд шилжүүлэн тооцож, толгой тутмаас 500 төгрөгийн татвар авахад л 54 тэрбум төгрөгийг бүрдүүлэх ажээ. Тиймээс улс төрийн шалтгаанаар хүчингүй болгосон эл татварыг сэргээж улсын болоод орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний нэмэр хандив болгох нь зүйтэй гэдэгтэй УИХ-ын гишүүд ч санал нэг байгаа юм. Харин эл татварын тухайн малчны харъяат аймаг сум нь авах уу, хаваржиж зуссан сум нь авах уу, аль эсвэл дайран өнгөрсөн сум сууриндаа өгөх үү гэхчилэн асуудлыг нарийвчлан тогтоох талаар холбогдох албаныхан ажиллаж байгаа юм байна.

Д.Цээнэ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж