Ш.Түвдэндорж нийслэлийн АН-ын дарга боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.18-нд нийтлэгдсэн

Ш.Түвдэндорж нийслэлийн АН-ын дарга боллоо

Нийслэлийн Ардчилсан намын даргаар Ардчилсан холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Түвдэндоржийг сонголоо. Түүнийг өнөөдөр болсон нийслэлийн Ардчилсан намын зөвлөлдөх хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн саналаар нэр дэвшүүлж, улмаар 91 хувийн саналаар баталлаа. Хуралдаанд оролцсон гишүүд энэхүү албан тушаалд үндсэндээ гурван хүний нэрийг дэвшүүлээд байсан юм.  Эдгээр нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, нийслэлийн Ардчилсан намын зөвлөлдөх хорооны гишүүн Ж.Батзандан, Ардчилсан холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Түвдэндорж нар болно. Хурлын явцад Ж.Батзандан нэрээ татаж, харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин уг хуралдаанд нэрийг дэвшүүлэх явцад хүрэлцэн ирж амжаагүйгээс нэр дэвшигчээс хассан юм. Ингэснээр Ш.Түвдэндорж нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөгчгүйгээр ганцаараа нэр дэвшсэн. Хэдийгээр түүний хувьд өрсөлдөгчгүй байсан ч санал хураалт нэлээд ардчилсан зарчмаар боллоо гэж хуралдаанд оролцсон гишүүд хэлж байна.
Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшүүлэх хүмүүсийг тодруулж байх үед “Санал хураалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, Хяналтын зөвлөлд хандахаа хуралдаанд оролцогчдод сануулаад хуралдааныг орхин гарчээ. Түүний хувьд намын дүрэмд заасны дагуу чөлөөлөгдөх хугацаа нь дуусгавар болоод байсан учир өнөөдрийн хуралдааныг зарлан хуралдуулж, улмаар  өөрт нь итгэл үзүүлэх үү, эсвэл өөрчлөх үү гэдгийг шийдвэрлэх  нууц санал хураалт явуулахад гишүүдийн 78 хувь нь нийслэлийн Ардчилсан намын даргын алба хашиж байгаа С.Эрдэнэд итгэл үзүүлэх боломжгүй” гэж үзсэн билээ.
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж