А.Энхтуул, Б.Бадамцэцэг нар хүүхдүүдэд туслав

Хуучирсан мэдээ: 2010.09.18-нд нийтлэгдсэн

А.Энхтуул, Б.Бадамцэцэг нар хүүхдүүдэд туслав

Шатрын спортоор амжилт гаргаж, сурагчдын дэлхийн аварга болсон А.Энхтуул, загварын тайзнаа хөл тавьж, эх орноо төлөөлөн олон улсын миссийн тэмцээнд оролцох болсон Монголын мисс Б.Бадамцэцэг нар унаган багын найзууд юм. Өөр өөр зан араншин, сонирхол, авьяастай боловч бусдын төлөө туслах чин хүсэлтэй тэд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвд зочилж, тэнд хүмүүжиж буй 4-18 насны 120 гаруй хүүхдүүдтэй бүхэл өдрийн турш тоглож, наадан, улс орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудад Монгол улсдаа төдийгүй Азид, цаашлаад дэлхийд нэрээ тамгалсан шилдэг иргэн болон төлөвшихийг хүслээ. “Сэтгэлийн өглөг” нэртэй энэхүү өдөрлөгийн үеэр А.Энхтуул хүүхдүүдийн дунд шатрын тэмцээн явуулж, өөрийн гарын бэлгээ гардуулсан бол Б.Бадамцэцэг миссийн тэмцээн зохиож, бяцхан охидын авьяасыг сорьсон юм. Түүнчлэн тус төвд хүмүүжиж буй хүүхдүүдэд бэлэг дурсгалын зүйлс, гарын бэлгээ өгчээ.

Урлаг, спортын салбарт амжилт гаргаж яваа найз охид нэг өдрийг хүүхдийн сургалт хүмүүжлийн төвийн хүүхдүүдтэй хамт зургаа авахуулж, дуулж бүжиглэн, чин сэтгэлийн халуун дулаан уур амьсгал дунд өнгөрүүлсэн. Тэндхийн хүүхэд багачууд ч А.Энхтуул, Б.Бадамцэцэг нартай уулзсандаа баярлаж, бүгд л “Би ирээдүйд шатарчин болно, би мисс болно” гэсээр үлдсэн юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж