Д.Оюун-Эрдэнэ “Балдорж” шагналын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.18-нд нийтлэгдсэн

Д.Оюун-Эрдэнэ “Балдорж” шагналын эзэн боллоо

Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагнал  гардуулах ёслолын ажиллагаа  өчигдөр “Улаанбаатар” зочид буудалд болж, шилдэг сэтгүүлчийг шалгарууллаа. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн хоёр дахь “Балдорж” шагналыг “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ хүртэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос шагналаа гардав. Шагналыг “Болор цом”, энгэрийн алтан зүүлт, 5000 ам.доллар дагалдав. Тэрбээр “Хөшөөтийг хөшигний ард нуух сонирхол”, “Далай ээж маань дахиад цаазын тавцанд” цуврал нийтлэлээрээ нэр дэвшин, шалгарчээ. Харин “Балдорж” шагналын тусгай байрт шалгарсан МҮОНТ-ийн сэтгүүлч н.Алтанцэцэг “Алтанд мордсон эрчүүд”, “Тоосгоны Оросоо”, “Дэлхийд ганцхан дээлтэй монгол” бүтээлээрээ нэр дэвшсэн нь ийнхүү шагналд хүргэв. Тэрбээр 3000 ам.долларын эзэн болсон юм.

Түүнчлэн шилдэг арван бүтээлийн эзнийг тодрууллаа. Уг шагналыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди “Ай, Дарьганга нутаг минь” нийтлэлээрээ, “Үндэсний шуудан” сонины тоймч Б.Ганчимэг Ерөнхий сайд асан С.Баяртай хийсэн “Эрүүл болсон цагт бол эр хүний замын хүзүү урт гэдэг дээ” ярилцлагаараа, мөн сонины тоймч Г.Отгонбаяр “Хувь тэнцүүлэх сонголт”, “Зорилго нь сайхан ч зохион байгуулалт нь хуучин тоосгонууд“ улстөрийн нийтлэлээрээ, “Өдрийн сонин”-ы тоймч Ж.Гангаа “Алтайгаас Хянган хүртэл”, "Харь буриадынг нутаг дүүрэн цагаан нулимстай" нийтлэлээрээ, мөн сонины сурвалжлагч Г.Жамъян “Би нөхөр Дүрвээгээ амьд хүрээд ирэх болов уу гэж 44 жил хүлээлээ” ярилцлагаараа хүртэв.

Мөн МҮОНТ-ийн сэтгүүлч Д.Бямбацэцэг ”Алгаа тоссон бидний ирээдүй”, “Хүн үү, хог уу”нэвтрүүлгээрээ, Монголын радиогийн сурвалжлагч Д.Шагдарсүрэн “Айн Жалутын домог”, “Энэтхэг дэх их монголчуудын түүх” нийтлэлээрээ, “Хүмүүсийн амьдрал” сонины редактор Д.Жаргалмаа“Ханьдаа шүлэг зориулах ч багадна. Бүх амьдралаа зориулна шүү дээ” хөрөг, ярилцлагуудаараа орлоо.

“Балдорж” шагналын эзнийг тодруулах энэхүү арга хэмжээнд улстөрчдөөс гадна Монгол Улсын төрийн тэргүүнээр удаа дараа сонгогдож байсан экс ерөнхийлөгч нар хүрэлцэн ирсэн нь содон байлаа. Тодруулбал, П.Очирбат, Н.Багабанди одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар хамтдаа сэтгүүл зүйн шилдэг бүтээлээр амьсгаллаа.

Г.Дарь  

.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж