
Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан урьдчилсан балансаар энэ жил улсын хэмжээнд 338.9 мянган тонн үр тариа, 156.1 мянган тонн төмс, 90.1 мянган тонн хүнсний ногоо хураан авах боломжтой гэж үзсэн. Ингэснээр гурилын болоод хүнсний ногооныхоо хэрэгцээг дотоодынхоо нөөцөөр хангах бүрэн боломж бүрдэж байна гэж тайлбарлаж байгаа. Хамгийн гол нь хадгалалтын асуудал бөгөөд зарим аж ахуйн нэгжүүд зоорь олноор байгуулсны хүчинд энэ талын асуудалд санаа зовохооргүй болсон. Харин аж ахуйн нэгжийн хувьд хөрөнгө мөнгөнөөсөө шалтгаалаад агуулах сав шинээр барихаас гадна хуучнаа сэлбэн засч чадаагүй байх тохиолдол ч бий тул энэ талд холбогдох яам анхаарал тавин ажиллах аж. Тариаланчдын хувьд өнгөрсөн өдрүүд цаг агаар тааламжтай байсан тул ургац хураалтад ямар нэг хүндрэл бэрхшээл учруулаагүй. Гэхдээ ирэх долоо хоногоос нутгийн зарим хэсэгт уулархаг газраар нойтон цас орж, цаг агаар сэрүүсэх төлөвтэй байгаа тул амралтын хоёр өдрийг ашиглан ургац хураалтын ажлаа эрчимжүүлэхээр ажиллаж буй мэдээлэл байна.