Цаазаар авах ялыг хэвээр үлдээжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.18-нд нийтлэгдсэн

Цаазаар авах ялыг хэвээр үлдээжээ

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан есдүгээр сарын 15-ны өдөр болж, Б.Борбандид холбогдох хэргийг хянан хэлэлцжээ. Б.Борбанди нь 2009 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутагт байрлах 30 айлын орон сууцны подвальд хэвлэх үйл ажиллагаа явуулдаг О-г хүчиндэж, уг гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хохирогчийн хоолойг боож, элгэнд нь гэмтэл учруулан, гэдэс, хэвлийн урд ханыг хурц үзүүртэй зүйлээр зүсэж нээн дотор эрхтнүүдийг огтолж, таслан онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлджээ. Энэ хэргийг үйлдэхдээ тэрбээр согтуу байсан аж.

Хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Борбандид оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээсэн байна.

Дашрамд дурдахад Б.Борбанди өмнө нь хоёр удаа ял шийтгүүлж байсан аж.

Мөн хуралдаанаар С.Баасанжавт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан цаазаар авах ялыг 25 жил хорих болгон өөрчилжээ. Дээрх ялын таван жилийг нь гянданд, үлдсэн 20 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж