С.Баяр, Д.Дорлигжав нар гадаадад байна

Хуучирсан мэдээ: 2010.09.18-нд нийтлэгдсэн

С.Баяр, Д.Дорлигжав нар гадаадад байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга тус тамгын газрыг толгойлж байсан хүмүүстэй байгууллагынхаа 20 жилийн ойг тохиолдуулан өчигдөр Төрийн ордонд урьж уулзлаа.

Уулзалтад Ч.Дашдэмбэрэл, Б.Чимид, Б.Батхишиг, Т.Билэгт, Л.Амарсанаа нар хүрэлцэн ирж, дурсамжаа хөөрөлдсөн юм, С.Баяр, Д.Дорлигжав нар гадаадад, М.Энхсайхан хөдөө яваа учраас ирж чадаагүй ажээ.
 
Өнгөрсөн хорин жилд есөн  хүн энэ албаны даргаар ажилласан байх юм. Би 10 дахь нь болж байна. Дунджаар нэг хүнд хоёр жил ноогдож байна. Тамгын газрынхаа ойгоор та бүхэнтэй уулзая гэж шийдсэн юм. Үе үеийн Ерөнхийлөгч нар улс орондоо хэрэгтэй олон чухал ажил үйлсийг санаачлан хийж ирсэн. Бид зориуд судалж үзлээ. Одоо хүчинтэй, нийтээр дагаж мөрдөж буй зарлиг гэхэд 36 байна. Шагнал, томилгоо, хэм хэмжээ тогтоосон зарлигуудыг оруулахгүйгээр шүү дээ. Монголын түүх, соёл, ёс зан заншлыг дээдлэх, хамгаалахаас эхлээд хөгжлийн гол зангилаа асуудлуудыг томьёолох, байгаль дэлхийгээ хамгаалах хүртэл маш өргөн хүрээтэй асуудлыг эдгээр зарлиг хамаарч байна. Бид хэрэгжилтийн явцыг нь гаргасан. Ерөнхийлөгчийн вэб сайтад тавихаар төлөвлөж байгаа.  Ерөнхийлөгч П.Очирбат гуайнх тав, Н.Багабанди гуайнх 20, Н.Энхбаяр гуайнх долоо, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийнх дөрөв байна хэмээн Д.Баттулга ярив.
 
Очирбат Ерөнхийлөгчийн үед анх Хэв журам сайжруулах тухай зарлиг гаргаж, эрх мэдлээ хэтрүүллээ хэмээн шүүмжлүүлж байлаа гэж Дашдэмбэрэл гуай хэлэв. Багабанди гуайн үед Газар тариалан сэргээн хөгжүүлэх зарлигийн төсөл бэлдээд Ерөнхий сайдаар гарын үсэг  зуруулж чадахгүй өөр арга сэдснээ Батхишиг дарга хуучлав. Тэрээр зарлигийн төслөө санал болгож Засгийн газарт оруулан хагас жилийн дараа хөтөлбөр хэлбэрээр баримт бичиг гаргуулж байжээ.
 
Чимид гуай Тамгын газрын дарга юунд анхаарвал зохилтой тухай ярив. Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхээ сайн ашиглаж чадвал багагүй эрх мэдэл бий. Үүнийг зөв ашиглах хэрэгтэй. Ялангуяа хуульд хориг тавих, хууль санаачлах эрхээ Ерөнхийлөгч ашиглахад нь сайн анхаарах хэрэгтэй гэж тэр хэллээ. Өөрөө дарга байхдаа Тамгын газрынхаа чадавхийг сайжруулах төсөл хэрэгжүүлсэн тухайгаа бас дурдав.
 
Баттулга дарга бараг хоёр хүний нэг шагнал сонирхдог юм шиг байна гэтэл Чимид гуай сургуулийн ой болох гээд би ч бас нэг цаас барьж явна хэмээн инээлдлээ. Гэтэл Амарсанаа дарга ирэх жил Дарханы 50 жилийн ой болно. Баттулга дарга та бид хоёр тэнд ажиллаж, амьдарч байсны хувьд юм бодох ёстой гэж бусдыгаа инээлгэв. Тамгын газрын дарга нар шагналын хөшүүрэг чухал болох тухай, эзнээ олсон шагнал ямар ч мөнгө төгрөгнөөс илүү урам зориг тухайн хүндээ өгдөг юм шүү хэмээн ярьцгаав.
 
Билэгт дарга Орост Тамгын газрын туршлага судалж явснаа хөөрлөө. Батхишиг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын хувийн сайн харьцаа ажил явуулахад чухал байдгийг дурдав.
Баттулга дарга Тамгын газар нь одоо дөрвөн том хууль боловсруулах, орон нутгийн эрх мэдлийг өргөтгөх асуудлаар хийх зүйл их байгаа тухайгаа тэдэнд мэдээллээ.

Дараа нь тэд дурсгалын зураг татуулав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж