Өмнөд, Умард солонгосчууд уулзана

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Өмнөд, Умард солонгосчууд уулзана

Энэ сарын 22-ны өдөр болох Солонгосын уламжлалт ургацын баярын үеэр хоёр Солонгосын салж хагацсан гэр бүлүүдийг уулзуулах өдрүүдийг зохион байгуулах саналыг Хойд Солонгосын төлөөлөгчид Өмнөд Солонгосын талд тавьсан байна. 1953 онд Солонгосын хойгт гарсан дайны дараа бие биенээсээ салж, хоёр өөр нийгмийн тогтоцтой тусгаар улсуудын хилийн наана цаана олон арван жил амьдарсаар ирсэн нэг гэр бүлийнхнийг уулзуулах өдрүүдийг зохион байгуулахаар Хойд болон Өмнөд Солонгосын талаас тус бүрдээ 14 хүн бүхий төлөөлөгчид өнөөдөр хэлэлцээрээ эхлүүлсэн байна. Энэ уулзалтаас гарах товыг тэсэн ядан хүлээж байгаа Өмнөд Солонгос иргэдийн нэг нь 88 настай Юн Ки Дай ажээ. Түүний хүү,охин хоёр нь жаахан хүүхдүүд байх үед дайн гарч тэд нь одоогийн Хойд Солонгосын нутагт үлдсэн байна. Тэдэнтэйгээ уулзах боломж гарна гэдэгт итгэхгүй байсан хөгшин 57 жилийн дараа л тэднийхээ гарыг атгахаар хүлээж байгаа гэнэ. Одоо 60 хүрч байгаа түүний охин эцгийгээ амьд гэж бодоогүй явсан ажээ. Тэдний нэгэн адил хагас зуунаас илүү хугацаанд бие биенээ хараагүй тусдаа амьдарч ирсэн нэг гэр бүлийн бараг 10 мянган солонгос иргэд өнгөрсөн жил ийм уулзалтад оролцохыг хүсэн өргөдөл гаргаж байсан ч 200 өрхийн хүмүүс л оролцох зөвшөөрөл авч байсан гэнэ. Хэдийгээр зэргэлдээ хоёр улсад амьдарч байгаа ч салж холдсон солонгос иргэд хоорондоо цахим шуудан зэрэг бусад харилцаа холбооны шугамыг ашиглан бие биетэйгээ харилцах боломж өнөө хэр байхгүй байгаа юм. Цорын ганц боломж болох энэ уулзалт ердөө хэдхэн хоног л үргэлжилдэг байна.

                                М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж